СҮХБААТАР: Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Эрдэнэцагаан суманд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-03-13 17:16:48

Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шуурхай хэсгийн бүрэлдэхүүн, аймгийн удирдлагуудын төлөөлөл Эрдэнэцагаан суманд ажиллаж, Онцгой комиссын ээлжит хуралдааныг хийж, гал түймрийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцан, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

 

Тус сум нь жилийн жилд гал түймэр гардаг эрсдэл ихтэй бүс нутаг юм. Тиймд орон нутгийн хэмжээнд гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, энэ чиглэлд иргэд олон нийтийг хамруулах, татан оролцуулах, эргүүл хийх ажлыг маш сайн зохион байгуулж, УОК-оос гаргасан гал түймрээс урьдчилан сэргийлэх албан даалгаврыг мөрдөж ажиллахыг санууллаа.


 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг тус сумын Гал түймэр унтраах, аврах 47-р ангийн баг бүрэлдэхүүн орон нутгийн иргэд, Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагчдын дэмжлэгтэйгээр бүрэн унтраасан байна. Гал түймэрт нийт долоон айл өрхийн гэр шатсан бөгөөд 153 толгой мал өртсөн гэх урьдчилсан дүн гарчээ.

 

Шуурхай хуралдааны дараа гал түймэрт өртөж орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр, хувцас хэрэглэл, эрүүл мэндийн багц хүлээлгэн өгсөн юм.

 

Холбоотой мэдээ