БАЯН-ӨЛГИЙ: Казах үндэстний шагайн наадгай тэмцээн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, СУАЖЗГ, аймгийн музей, “Казахын уламжлалт шагайн наадгай” ТББ хамтран Наурыз баярыг угтан казах үндэстний шагайгаар наадах уламжлалт тоглоом наадгайн тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд аймгийн музейд зохион байгууллаа.
Энэ жилийн тэмцээнд тус аймгийн Алтай, Ногооннуур, Цэнгэл зэрэг сумаас оролцогчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд шагайн наадгайн “Хус кагу” буюу шувуу шүүрэх төрөлд 33, “Хан ату” буюу шагайн харваа төрөлд 27, “Бес асых” буюу таван шагай гэх төрөлд 18 оролцогч тус тус оролцож шилдгүүдээ шалгаруулсан бол тус тэмцээний "Ирээдүйтэй тоглогч”-оор 6 настай А.Абдинур, 7 настай С.Нурасыл, "Бяцхан оролцогч”-оор 5 настай С.Айзере А.Асел нар тодорсон байна.
Казах үндэстний дунд шагайгаар тоглодог уламжлалт тоглоомууд олон байдаг бөгөөд шагай нь казахаар “Асык” гэж
нэрлэгддэг. Энэ нь зөвхөн хүүхдийн тоглоом биш
залуучууд, ахмадууд хүртэл тоглодог төдийгүй
ур чадвар, мэргэн онох, хурд, аз сорих зэргийг хөгжүүлдэг спорт, соёлын нэг хэсэг юм.
“Хус кагу”
буюу шувуу шүүрэх тоглоом нь казахын уламжлалт шагайн наадгайн нэг төрөл бөгөөд
энэхүү тоглоом нь хүний эв дүй, онч мэргэн байдлыг их шаардана. Уг тоглоомыг
хүүхэд, залуучууд ихээр тоглодог. Тоглоомыг 2 буюу түүнээс олон хүн тоглоно. Тоглогч
бүр өөрийн шагайтайгаа ирээд газарт эсвэл ширээнд нэг шагай тавиад үүнийгээ
шувуу гэж нэрлэнэ. Шувуу шагайгаа өөр шилмэл сайн шагайгаараа шидэж онохыг
хичээнэ. Тоглогч шидэж оносон шагайгаа өөртөө цуглуулах хэлбэрээр оноо
цуглуулаад хамгийн өндөр оноо авсан хүн хождог дүрэмтэй.
“Хан ату” - шагайн харваа тоглоом нь
монголчуудын
шагайн харваатай төстэй бөгөөд тоглогчид тодорхой зайнаас шагай руу онилж,
тусгай туша асык (онох шагай)-аар бусад шагайг унагадаг. Тоглогч бүр
өөрийн “онох шагай”-гаа
(туша асық) сонгож аваад шугамнаас тодорхой зайнд байрлуулсан шагайнуудыг
ононо. Хамгийн олон шагай онож авсан тоглогч ялна. Энэ тоглоомд нэг тусгай шагайг
“Хаан” гэж нэрлээд бусад шагайгаас ялгаж тавьдаг. Тоглогчид бусад шагайг
онохдоо “Хаан” шагайг хамгийн сүүлд онох ёстой.
“Бес асык” - тавын
тоглоом нь казахын уламжлалт таван шагайгаар тоглодог гар тоглоом юм.
Энэ нь монголын “хурууд” тоглоомтой төстэй бөгөөд тоглохдоо
5 ширхэг шагайг ашиглана. Нэгийг нь шидэж байхдаа үлдсэн дөрвийг нь тодорхой
дарааллаар авах ёстой. Хурд, гарын эв дүй чухал байдаг.
Казахууд өнөөдөр ч баяр ёслол, наадам, гэр бүлийн цугларалтаар асык тоглоомоо
тоглон соёлоо өвлүүлдэг.






