“Чандраян-5” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2025-03-18 11:19:41

ШИНЭ ДЕЛИ, 2025 оны гуравдугаар сарын 18 /DW/. Энэтхэгийн Засгийн газар Сарыг судлах Чандраян-5” сансрын аппаратыг хөөргөх төлөвлөгөөг баталсан тухай тус улсын Сансрын судалгааны байгууллагын /ISRO/ дарга Нараянан даваа гарагт мэдэгджээ. 


Энэтхэгийн өмнөд нутгийн Бенгалуру хот дахь ISRO-ын төв байранд болсон үйл ажиллагааны үеэр Нараянан хэлэхдээ, Чандраян-5” хөтөлбөрт Сарны гадаргууг судлах 250 кг жинтэй явагч аппарат багтана гэлээ. Гуравхан хоногийн өмнө бид уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвшөөрлөө авлаа. Бид үүнийг Япон улстай хамтран хэрэгжүүлэх болно гэж түүний хэлснийг эш татан “Indian Express сонин мэдээлжээ. Дэвшилтэт явагч аппарат нь Сарны гадаргуу болон бүтцийн талаар нарийвчилсан судалгаа хийх зорилготойг тэрбээр нэмж хэлсэн байна.


Сарын судлах зорилготой Энэтхэгийн анхны сансрын аппарат болох Чандраян-1”-ийг 2008 онд амжилттай хөөргөсөн бөгөөд Сарны хими, эрдсийн судалгааны ба фото-геологийн мэдээллийг цуглуулсан юм. Дараагийн хөтөлбөрийг 2019 онд эхлүүлсэн нь Сарны топографи, эрдэсийн найрлагыг судлах зорилготой байв. Энэ нь Сарны өмнөд туйлыг судлах зорилго бүхий тойрог замын аппарат, буугч төхөөрөмж, явагч аппаратаас бүрдсэн байлаа. Чандраян-2-ын тойрог замын аппарат нь Сарны өндөр нарийвчлалтай зургуудыг илгээсээр байна.


Харин “Чандраян-3-ын Викрам нэртэй буугч аппарат 2023 оны наймдугаар сарын 23-нд Сарны өмнөд туйлд амжилттай газардсан юм. Өнгөрсөн жил Энэтхэгийн Засгийн газар 2027 он гэхэд хөөргөхөөр төлөвлөж буй “Чандраян-4” багтсан хоёр чухал сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зөвшөөрчээ. “Чандраян-4-ийн зорилго нь Сарны дээжийг цуглуулж, Дэлхий рүү буцаан авчрах явдал юм.


Энэтхэг улс 2027 онд Сарны чулуулгийн дээжийг Дэлхийд авчрахын тулд Чандраян-4 хөлгийг хөөргөнө гэж тус улсын Шинжлэх ухаан, технологийн сайд Житендра Сингх хоёрдугаар сард мэдэгджээ. Энэтхэг улс мөн 2028 онд анхны сансрын жолоодлогот хөлөг болох Гаганяан”-ыг хөөргөхөөр төлөвлөж байна.

 


Холбоотой мэдээ