Ахуйн үйлчилгээний салбарынхан ойгоо тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСМонгол Улсад Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний түүхт 85 жилийн ойг Увс аймагт энэ сарын 25-нд тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус үйл ажиллагааг “Буман үйлчдийн холбоо”-ноос зохион байгуулсан юм. Ойн хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр салбартаа тэргүүлэгч хүмүүсийг аймгийн Засаг дарга шагнаж урамшууллаа. Монгол Улсын мастер оёдолчноор “Отгон учиг” хоршооны эзэн О.Дарьжав, “Бат шаглаа” үйлдвэрийн захирал А.Батхуяг нар шагнагдсан юм. Мөн Увс аймгийн Хүндэт тэмдэг болон Ю.Цэдэнбалын 100 жилийн ойн медаль, аймгийн Засаг даргын өргөмжлөлөөр ахуйн үйлчилгээний салбарын үе үеийн төлөөллүүд шагнагдлаа. Үүнээс гадна Монголын үйлдвэрлэл, хоршоолол, Ахуйн үйлчилгээний салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр 15 хүн энгэрээ мялаасан юм. Ийнхүү аймгийн ахуйн үйлчилгээний салбарынхан ойн баярын өдрөөрөө шагналын хур буулгалаа.
1990 оноос хойш нэг хэсэг унтраад байсан ахуйн үйлчилгээний салбар Увс аймагт 2005 оноос эргэн сэргэсэн юм.
Увс аймаг Б.Батхүү