БАЯН-ӨЛГИЙ: “Айтыс-2025” харилцаа дууны тэмцээнд А.Инкарбек тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Наурызын баярыг угтан харилцаа дууны “Айтыс-2025” тэмцээн зохион байгуулж, харилцаа дууны 20 найрагч оролцсоноос Алтай сумын харьяат Адилханы Инкарбек тэргүүн байрт шалгарлаа.
Тус тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, аймгийн харилцаа дууны
“Ахтангер” холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд Ховд, Баян-Өлгий аймаг болон Бүгд Найрамдах Казахстан Улсаас найрагчид оролцлоо.
Харилцаа дууны тэмцээнд оролцогчид
баяр наадмын утга агуулгыг шингээсэн шүлэг найраглал, мэргэн үг, уран цэцэн
яриагаараа үзэгчдийн сонорыг мялааж, тэргүүн байрт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат Адилханы Инкарбек,
нэгдүгээр байрт мөн Алтай сумаас оролцсон
К.Ахтилеу, хоёрдугаар байрт Дэлүүн сумаас оролцсон
Ж.Хайнар,
гуравдугаар байрт Казахстан Улсын
Өскемен хотоос оролцсон Р.Айдос, тусгай байрт Казахстан Улсын Павлодар хотоос оролцсон
Б.Гүлшекер, Ховд аймгаас оролцсон Б.Тилек нар
тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Харилцаа дуу буюу айтыс нь казах ардын уламжлалт урлагийн нэгэн төрөл бөгөөд оролцогчид шүлэг найргийн уран дууг шууд зохиож, домбор буюу бусад хөгжимтэй харилцан дуулж цэц булаалдан өрсөлдөж, шүүгчдийн зүгээс өндөр оноо авсан нь илүүрхдэг, нас, хүйс үл харгалзан оролцож болох сонирхолтой тэмцээн юм.



