Дэлхийн хамгийн аз жаргалтай орноор Финланд дахин тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-03-20 15:38:16

ОКСФОРД, 2025 оны гуравдугаар сарын 20 /Fortune/. Финланд улс найм дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай орноор тодорлоо. НҮБ-аас олон улсын аз жаргалын өдрийг тохиолдуулан танилцуулсан Дэлхийн аз жаргалын тайланг дэлхийн 140 гаруй орны иргэд амьдралынхаа чанарыг хэрхэн үнэлдэгт үндэслэсэн гаргажээ. Ингэхэд финландчууд 7.74 оноогоор нэгдүгээрт жагссан байна. 


Оксфордын их сургуулийн эдийн засгийн профессор, Сайн сайхан байдлын судалгааны төвийн дарга, Дэлхийн аз жаргалын тайлан”-гийн редактор Ян-Эммануэль Де Неве финландчуудыг чинээлэг амьдралтай, эрүүл саруул биетэй, нийгмийн харилцаа, дэмжлэг сайтай, байгальтай ойр амьдардаг хүмүүс хэмээн тодорхойлоод, тэд аз жаргал, баяр баясгалантайгаар гудамжинд бүжиглэдэг төрлийн хүмүүс биш боловч амьдралдаа маш их сэтгэл хангалуун байдаг хэмээн ярилаа.


Финландын араас Дани, Исланд, Швед, Нидерланд эхний тавд багтсан байна. Жагсаалтын түүхэнд Мексик /10-р байр/, Коста Рика /6-р байр/ улсууд анх удаа эхний 10-т орсон бол АНУ 24 дүгээрт бичигдсэнээр түүхэндээ хамгийн доогуур байрт жагсжээ. 2012 оноос гаргаж эхэлсэн энэхүү жагсаалтад АНУ өнгөрсөн онд анх удаа эхний 20-иос хасагдсан юм.  


Уламжлал ёсоор жагсаалтын эхэнд бичигддэг Скандинавын орнуудын иргэд илүү аз жаргалтай болж байгаа бол АНУ-д аз жаргалын үзүүлэлтүүд буурч байна. Скандинавын орнууд, АНУ, Австрали, Их Британид нэг хүнд ногдох ДНБ ойролцоо боловч баялгийн хуваарилалт нь тэдгээрийн хооронд ялгаатай байдлыг бий болгодог гэнэ. Я.Невегийн хэлснээр, Скандинавын орнуудад эдийн засгийн өсөлт хүн бүрд хүртээмжтэй байдаг тул эдийн засгийн тэгш бус байдлын түвшин хамаагүй бага байдаг бөгөөд энэ нь сайн сайхан аж байдалд нөлөөлдөг ажээ. Финландын иргэдийн ихэнх нь өөрсдийн аж байдлыг 10 онооноос долоо эсвэл найман оноогоор дүгнэдэг бол АНУ-д 10 гэж үнэлэх хүн олон байдаг ч нэг гэсэн үнэлгээ ч мөн их байдаг.


Аз жаргалын түвшнийг тодорхойлоход тухайн улсын нэг хүнд ногдох ДНБ, баялгийн хуваарилалт, дундаж наслалтыг харгалзан үздэг боловч нийгмийн итгэлцэл, харилцаа холбоо нь хүмүүсийн бодож байгаагаас илүүтэйгээр аз жаргалыг тодорхойлох шалгуур болдгийг судлаачид тогтоожээ. Энэхүү тайланг Оксфордын их сургуулийн Сайн сайхан байдлын судалгааны төв, Гэллап хүрээлэн, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээ зэрэг түншүүд болон судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийдэг редакцын зөвлөлтэй хамтран жил бүр гаргадаг. Монгол Улс энэ удаагийн жагсаалтад 77 дугаарт бичигдсэн байна.


Дэлхийн хамгийн аз жаргалтай 10 орон 

Финланд

Дани

Исланд

Швед

Нидерланд

Коста-Рика

Норвег

Израил

Люксембург

Мексик

Холбоотой мэдээ