Монгол Улс “Аз жаргалын индекс”-ээр 77 дугаарт жагсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-20 13:55:50

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дэлхийн аз жаргалын тайлангийн 2025 оны дүнгээр Монгол Улс иргэдийнхээ аз жаргалын үнэлэмжээр 147 орноос 77 дугаарт бичигдэж, өмнөх оны эрэмбээ хадгалжээ.


Оксфордын их сургуулийн Аз жаргалын судалгааны төвөөс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээ, “Gallup” байгууллагатай хамтран жил бүр гаргадаг тайланд иргэд амьдралынхаа чанарыг хэрхэн үнэлсэн хариулт дээр үндэслэж, улс орнуудыг аз жаргалын түвшнээр нь эрэмбэлдэг билээ. Ингэхдээ улс бүрээс 1000 хүнээс асуулга авч, сүүлийн гурван жилийн дунджаар жигнэн 0-10 хүртэлх оноогоор үнэлдэг байна.


2025 оны судалгаанд Монгол Улсын оноо 5.833 байсан нь өмнөх оныхоос ялимгүй дээшилсэн үзүүлэлт юм. Гэвч эрэмбийн хувьд өмнөх оныхоос өөрчлөлтгүй байж, Киргиз, Доминикан улсын дараа жагслаа. 10 жилийн өмнө 100-аас хойш жагсаж байсан Монгол Улсын эрэмбэ сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирсан ч 2024 онд эрс доошлон 61-77 руу ухарч байлаа. Хойд Европын орнууд итгэлцэл, өгөөмөр сэтгэлийн үзүүлэлтээр эрэмбэд мөн л тэргүүлсэн бол Монгол Улс танихгүй хүнд туслах үзүүлэлтээр 132 дугаарт, гээсэн түрийвчийг танихгүй хүн эргүүлэн өгөх магадлалаар 102 дугаарт жагсжээ.


Тэгвэл энэхүү жагсаалтыг Финланд улс найм дахь жилдээ дараалан тэргүүллээ. Өөрөөр хэлбэл, хамгийн аз жаргалтай орноор дахин тодорсон гэсэн үг. Харин Дани, Исланд, Швед, Нидерланд зэрэг Скандинов, Хойд Европын орнууд эхний таван байрт жагссан байна. Судалгааг гаргагчид энэ оны тайланд иргэд хоорондын итгэлцэл, өгөөмөр сэтгэлд голчлон анхаарч, аз жаргалын үнэлэмжид эдгээр хүчин зүйл урьдынхаас илүү нөлөөлдөг болсныг онцолжээ. Таны гээсэн хэтэвчийг бусад хүн олж буцаан өгнө гэдэгт итгэдэг байх нь хүн амын ерөнхий аз жаргалыг илэрхийлэх том хүчин зүйл болдог" хэмээн тайланд дурдсан байна. 

Холбоотой мэдээ