“Эмнэлзүй-2025” эрдэм шинжилгээний хуралд 20 гаруй судлаач илтгэл хэлэлцүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний гавьяат эмч, Монголын анагаах ухааны академийн гишүүн, АУ-ны доктор, профессор Н.Төмөрбаатарын нэрэмжит “Эмнэлзүй-2025” эрдэм шинжилгээ онол практикийн хурал боллоо.
Уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухаан эмч, судлаачдын нийгэмлэг хамтран зохион байгуулсан тус хуралд 20 гаруй судлаач илтгэл тавьж, уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн практикт гарч буй ололт амжилтыг хэлэлцэж, харилцан туршлага солилцов.
Уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэнгийн захирал, академич, АШУ-ы доктор, профессор Ч.Чимэдрагчаа энэ үеэр "Уламжлалт анагаах ухааны салбарынхан жил бүр эмнэлзүй, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний практикт гарсан судалгаа, шинжилгээ, шинээр нэвтрүүлсэн эмчилгээ оношилгоогоо танилцуулж хэлэлцдэг. Хурлын үр дүнг эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл, бүтээл болгон, ханан илтгэл тавьж, илтгэлийн хураангуйг хэвлүүлдэг. Энэ хурал нь нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой" хэмээлээ.