“Бостон Селтикс” багийг 6.1 тэрбумаар худалдан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-03-22 10:26:24

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 22 /BBC/. Америкийн бизнес эрхлэгч Уильям Чисхолм тэргүүтэй групп сагсан бөмбөгийн алдарт Бостон Селтикс багийг 6.1 тэрбум ам.доллароор худалдаж авахаар тохиролцжээ.


Ингэснээр Хойд Америкийн спортын франчайзын түүхэнд нэг багийг хамгийн өндөр үнээр худалдсан тохиолдол энэ болж байгаа бөгөөд 2023 онд NFL-ийн “Вашингтон Коммандерс” багийг 6 тэрбум ам.доллароор худалдан авч байсан үнийн дүнгээс давлаа. Түүнчлэн 2022 онд NBA-ийн Финикс Санс баг 4 тэрбум ам.доллароор зарагдаж байсан рекорд амжилтыг эвджээ.


Өнгөрсөн жил Форбес сэтгүүл Селтикс багийг 6 тэрбум ам.доллароор үнэлснээр хамгийн үнэ цэнтэй багуудын дөрөвдүгээрт бичигдэж байв. Уг жагсаалтыг “Голден Стэйт Уарриорс баг 8.8 тэрбум ам.долларын үнэлгээгээр тэргүүлж байсан юм.


Калифорнид төвтэй Symphony Technology” группийн үүсгэн байгуулагч У.Чисхолм бол Бостоноос гаралтай бизнес эрхлэгч бөгөөд өнгөрсөн онд Даллас Маверикс”-ийг хожсоноор NBA-ийн аваргаар 18 дахь удаагаа шалгарсан “Селтикс”-ийн үнэнч шүтэн бишрэгч юм.


“Миний бие амьдралынхаа туршид Селтикс”-ийн үнэнч фэн нь байсаар ирсэн. “Селтикс” баг Бостон хотын хувьд ямар чухал болохыг би ойлгож байна. Мөн би байгууллагыг удирддаг хүний хувьд Бостоны оршин суугчдын өмнө хариуцлага хүлээх ёстой гэдгээ ухамсарлаж байгаа бөгөөд би энэ сорилтод бэлэн байна” гэж тэрбээр хэлжээ.


Америкийн бизнес эрхлэгч Уик Гроусбек тэргүүтэй одоогийн эзэмшигчид Селтикс”-ийг 2002 онд 360 сая ам.доллароор худалдан авч байжээ. У.Чисхолм багийн үйл ажиллагааг хариуцаж эхлэхээс өмнө У.Гроусбек 2027-28 оны улирлыг дуустал гүйцэтгэх захирлаар ажиллах төлөвтэй байна.

 


Холбоотой мэдээ