Рохинжа дүрвэгсдэд 930 сая долларын тусламж үзүүлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-03-26 12:09:05

ЖЕНЕВ, 2025 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Бангладеш дахь рохинжа дүрвэгсдэд илүү их хэмжээний санхүүгийн тусламж шаардлагатай байгаа талаар НҮБ-ын хоёр агентлаг мэдэгдээд, тусламж үзүүлэхгүй бол “аймшигт үр дагаварт" хүрнэ гэдгийг анхаарууллаа. 


НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага мэдэгдэхдээ, дүрвэгсдэд 930 сая гаруй ам.долларын тусламж үзүүлэхийг уриалсан байна.


Хоёрдугаар сарын эцсийн байдлаар Бангладеш улсад нэг сая орчим рохинжа дүрвэгсэд амьдарч байгаа бөгөөд тэдний тал хувь нь болох эмэгтэйчүүд, охид жендэрт суурилсан хүчирхийлэл, мөлжлөгт өртөх магадлалтай байна. Мөн гуравны нэг нь 10-24 насныхан бөгөөд боловсрол болон зохих ур чадварыг эзэмшиж чадахгүй байна.


Хүнсний тусламж, орон байраар хангахад тулгарч буй санхүүжилтийн асуудал нь олон хүнийг аюултай алхам хийхэд хүргэж болзошгүйг агентлагууд мэдэгджээ. Тухайлбал, аюулгүй амьдрах арга замыг эрэлхийлэн завиар бусад улс руу явах зэрэг эрсдэл байна. Иймд хүмүүсийн амь насыг аврах, дүрвэгсдэд бие даан амьдрах боломжийг олгохын тулд санхүүгийн тусламжийг үргэлжлүүлэн үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.



Холбоотой мэдээ