Шүүхийн шинэтгэлийг  олон улс үнэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-28 10:45:30

БНТУ-д Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы ивээл дор Истанбулын олон улсын эрх зүйн чуулга уулзалт энэ сарын 17-19-нд болж ШЕЗ-ийн дарга, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах нар "Үндсэн хуулийн хяналт: Хүний үндсэн эрх ба шүүхэд мэдүүлэх эрх” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Чуулга уулзалтыг БНТУ-ын Хууль зүйн яам, БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөл, БНТУ-ын Хууль зүйн академи зэрэг байгууллагууд хамтран анх удаагаа зохион байгуулж буйгаараа онцлог байв.

Тус чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд БНТУ-ын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган оролцож үг хэлж, БНТУ болон бусад гадаад улсын хууль, шүүхийн байгууллагууд харилцан туршлага судалж, хамтран ажиллах нь чухал болохыг онцолж энэ удаагийн олон улсын эрх зүйн чуулга уулзалт нь 48 улсын хууль, шүүхийн байгууллагын төлөөлөгч оролцож байгааг дуулгав.

ШЕЗ-ийн дарга, профессор Н.Лүндэндорж БНТУ-ын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдогантай мэндчилж, тус хуралд Монголын төлөөлөгчдийг урьж оролцуулсанд талархал илэрхийлэв. 

Хурлыг БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн дэд ерөнхийлөгч Мехмет Илмаз удирдсан бөгөөд хурлын хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн талаар асуулт хариулт болов.

Хурал даргалагч, ноён Мехмет Илмаз Монгол Улсад шүүхийн шинэтгэл амжилттай явж буй энэ хугацаанд шүүгчдийн цалин хамгийн өндрөөр хүлээн зөвшөөрөгдсөн талаар сонордуулахад төлөөлөгчид Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн олсон амжилтад баяр хүргэсэн байна.

Чуулга уулзалтаар Үндсэн хуулийн эрх зүй ба шүүхэд мэдүүлэх эрх, Шүүн таслах ажиллагааг үр нөлөөтэй явуулах болон шүүхийн сургалт, Эвлэрүүлэн зуучлал, Арбитр, Прокурорын байгууллага ба үр нөлөөтэй хянан шалгалт, Эрүүгийн процессын ажиллагааг шийдвэрлэх арга зам, Дүрвэгсдийн эрх зүйн асуудал, Олон нийтийн сүлжээ: иргэний болон эрүүгийн хариуцлага зэрэг цаг үеийн олон асуудлыг хөндөж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм гэж ШЕЗ-ийн олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ