БАЯНХОНГОР: Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхийн чухлыг таниулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-03-27 13:04:53
Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Японы Хүүхдийг ивээх сан, Боловсролын газар хамтран "Эрт тусмаа" өдөрлөгийг Баянхонгор хотноо зохион байгууллаа. Өдөрлөгт аймгийн төвийн цэцэрлэгүүдэд хүүхдээ явуулдаг 200 гаруй эцэг эх, асран хамгаалагч оролцов.

Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй "Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, эрт үеийн оролцоо дэмжлэг үзүүлэхэд багш, эмч, эцэг эх, олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг өрнүүлж байна.

Өдөрлөгийн хүрээнд бага насны хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн тухай, түүний ач холбогдол, тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих талаар оролцогчдын мэдлэг мэдээллийг дээшлүүлжээ. Мөн хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлснээр шаардлагатай дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлэх, хожим амьдралын чанарт нь эерэгээр нөлөөлөх зэрэг олон ач холбогдолтойг таниулах үйл ажиллагааг өрнүүлсэн байна.

Хөгжлийн ялгаатай хүүхэд бусад хүүхэдтэй нэг орчинд хамт суралцах нь тэднийг нийгэмших явцад том дэмжлэг үзүүлэхээс гадна тэрхүү ялгаатай хэрэгцээтэй хүүхэд нь бусдыг ойлгож энэрэх, хамтрах, дэмжих төлөвшлийг эргэн тойрныхондоо өгч байдаг.

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй болон ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг аль болох бага насанд нь эрт оношлон, түүний нас, хөгжлийн ялгаатай байдалд тохирсон сургалтын хөтөлбөрийн дагуу сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамруулж, мэргэжлийн багштай хамтран ажиллах нь тухайн хүүхдийг дараагийн шатны боловсролын үйлчилгээ авах, хөгжлийн хувьд илүү ахицтай байхад чухал ач холбогдолтойг албаныхан мөн үеэр онцолж байв.
Холбоотой мэдээ