ЗАВХАН: Дадлага сургуульд 20 мянга гаруй иргэн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-03-28 14:10:08

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд 213 байгууллагын 20644 иргэн оролцлоо.


Улс, орон даяар "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах" дадлага, сургуулийг 3-р сарын 27-ний өдрийн 16:00 минутад зохион байгууллаа.


Тус дадлага, сургууль нь төрийн болон төрийн бус байгууллагын бэлэн байдлыг хангуулах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах мэдлэг эзэмшүүлэх ач холбогдолтой юм.


Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохио дуугаргадаг уламжлалтай. 


Эхний дохио дуугарахад та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангана. Хэрэв та гудамжинд явж байвал гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламжаас холдож биеэ хамгаалан сууж, тээврийн хэрэгслээр явж байгаа бол замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ.

 

Хоёр дахь дохио дуугарахад яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” дүрэм баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларлаа.  

 

Гурав дахь дохио дуугарахад харьяаллынхаа засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүллээ. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд ард, иргэд идэвхтэй оролцож, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед ямар арга хэмжээ авах тухай мэдлэгээ бататгаад байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 


Холбоотой мэдээ