Т.Даваадалай: Эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлж хөгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийг хангахын тулд хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, дулааны тархмал эх үүсвэрийг байгуулах, цахилгаан эрчим хүчнийг дутагдлыг нөхөх зэргээр ажиллана.
Тухайлбал, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, дулааны тархмал эх үүсвэр байгуулах, цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх зэргээр эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран ажиллах хүсэлтэй байгааг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Жайка Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрчим хүчний салбар хариуцсан төлөөлөгч Шида Косүкетэй уулзах үеэрээ уламжиллаа.
Харин төлөөлөгч Шида Косүке цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байна гэдгээ илэрхийлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.
Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжил сул, хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахгүй, агаар, ус, хөрсний бохирдол зэрэг асуудал тулгарч байгаа. Нийслэл дотооддоо бонд гаргаж, Бөөрөлжүүтийн цахилгааны станцын 150 МВт эхний блокийг ашиглалтад оруулсан гэх мэт эрчим хүчний дутагдлыг шийдэх хэд хэдэн төсөл эхлүүлээд байгаа билээ.