2025 онд дөрвөн гармыг дохиолол хориглолын байгууламжаар тоноглож, жижүүрийн зохицуулалттай болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Төмөр замын гармын аюулгүй байдал-2025” зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Уг зөвлөгөөнийг
“УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн
санаачилгаар Зам, тээврийн Яам, Тээврийн прокурорын газар, ЦЕГ-ын харьяа
Тээврийн цагдаагийн алба, Төмөр замын цагдаагийн газар, Нийслэлийн замын
хөгжлийн газар хамтран зохион байгуулав. Зөвлөгөөн нь төмөр зам болон авто тээврийн хөдөлгөөний эрчимжилт
хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан төмөр замын гармын аюулгүй байдлыг
хангах ажлыг улам эрчимжүүлэх ажлын хүрээнд болж буйгаараа онцлогтой.
Улсын хэмжээнд төмөр замын 358 гарам байдгаас 86
нь бага, 219 нь дунд, 53 нь өндөр эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл төмөр зам болон авто
тээврийн хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор
ачаалал өндөртэй гармуудаар нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо жил бүр нэмэгджээ. Таван шарын гарам буюу 396-р километрийн гармаар 2024
онд хоногтоо 85 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өмнөх оныхоос 3000-аар илүү байна.
Өнгөрсөн онд Толгойт-Улаанбаатар хоорондын 396,
Улаанбаатар-Амгалан хоорондын 408, Багахангай-Мааньт хоорондын 518-р км-ийн гармыг
нүхэн гарцтай болгож
ашиглалтад оруулсан байна. Мөн гармын техник, тоноглолыг сайжруулахад УБТЗ онцгой анхаарч ажиллажээ. Энэ ажилд 2023 онд 279 сая
төгрөгийг зарцуулж байсан бол 2024 онд 672.5 сая төгрөгөөр болгон
нэмэгдүүлсэн аж. Тэгвэл 2025 онд нийт дөрвөн гармыг дохиолол хориглолын байгууламжаар тоноглож, жижүүрийн
зохицуулалттай болгохоос гадна зарим хөдөлгөөн багатай гармуудыг хаахаар
төлөвлөсөн байна.
Мөн дээрх ажлуудаас гадна улсын хэмжээнд “Түр зогс, бүү яар” нөлөөллийн аяныг зохион байгуулж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээгээр төрөл бүрийн сэрэмжлүүлэг сурталчилгааг давхардсан тоогоор найман сая хүнд хүргэсэн нь үр дүнгээ өгчээ.