БАЯНХОНГОР: "Хонгорын математик" цуврал үйл ажиллагааг өрнүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгаас гаралтай шилдэг математикийн багш нар, мэргэжилтнүүд хамтран "Хонгорын математик" ТББ-ыг байгуулан ажиллаж байна. Тус ТББ-ынхан орон нутгийн сурагчдын математикийн боловсролыг сайжруулах, элсэлтийн шалгалт болон олимпиад, тэмцээн, уралдаанд системтэй бэлтгэх, багш нарын ур чадварыг сайжруулах зэрэг чиглэлээр олон цуврал үйл ажиллагааг төлөвлөжээ.
Багш нарын төлөөлөл Улаанбаатар хотод уулзалт зохион байгуулж, хийж хэрэгжүүлэх ажлын товоо гаргасан байна. Уулзалтад Монгол Улсын Ерөхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, "Олонлог" сургуулийн үүсгэн байгуулагч, Багш нарын улсын математикийн олимпиадын 5 удаагийн аварга багш Б.Баяржаргал, Доктор, Монголын математикийн олимпиадын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Баярмагнай, Математикийн багш, олимпиадын сургагч багш Ц.Дэлгэрдалай, "Хонгорын Математик" ТББ-ын гишүүн Н.Мөнхбаяр нар оролцсон байна.
Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг тус олимпиадын 5 удаагийн аварга багш Б.Баяржаргалын нэрэмжит болгон ирэх онд Баянхонгор аймагт зохион байгуулахаар товлоод буй. Баянхонгор аймаг анх 1996 онд Улсын математикийн 32 дугаар олимпиадыг зохион байгуулж, Б.Баяржаргал аварга болж байжээ.
2026 оны олимпиадын нэрэмжитээр тодорсон Зөвлөх багш Б.Баяржаргал нь Улсын математикийн олимпиадаас 1996, 1998, 2004, 2005, 2013 онд түрүүлж 5 алт, 2003, 2008, 2012 онд дэд аваргаар шалгарч 3 мөнгөн медаль тус тус хүртсэн Хонгор нутгийн бахархал болсон математикч юм. Улсын математикийн олимпиадын түүхэнд багшийн ангилалд 5 түрүүлсэн хүн хоёр байдгийн нэг нь Б.Баяржаргал юм.
Ташрамд, 2019 онд ЭЕШ-ын аймгуудын нэгтгэсэн дүнгээр Баянхонгор аймаг математикийн хичээлээр шалгуулагчийн хэмжээст оноо /бүрэн оноо 800/-ны дундаж 471.2 байжээ. Энэ нь улсын хэмжээнд сүүл мушгисан дүн байсан бөгөөд дараа жил нь 12-т жагсаж, түүнээс хойш математикийн хичээлээр ЭЕШ-ын хэмжээст оноогоор улсын хэмжээнд дундаж, дунджаас доогуур дүнтэй шалгуулж ирсэн байна. Тэгвэл 2024 онд математикийн хичээлээр 494 сурагч шалгалт өгснөөс дундаж оноо 489 байжээ. Тус хичээлээр ЭЕШ өгч буй сурагчдын дундаж оноо төдийлөн дээшлэхгүй, сонгон суралцах сурагчдын тоо хангалтгүй байгаатай холбогдуулан хүүхдүүдийн математикт дурлах сэдлийг төрүүлэх, илүү уралдаанч байдлаар суралцуулах зорилтыг орон нутгаас дэвшүүлэн ажиллаж байна.