“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 40 дэх дугаар хэвлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-28 15:06:16

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 40 дэх дугаарт Тогтоолын үйлчлэлийг түдгэлзүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.

Уг тогтоолоор “Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт батлах тухай” Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 300 дугаар тогтоолын үйлчлэлийг 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд түр түдгэлзүүлсэн байна.

Түүнчлэн Хүүхдийн мөнгө олгох арга хэмжээний тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна. Засгийн газрын 2012 оны 70 дугаар тогтоолоор баталсан “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-д ямар өөрчлөлт орсныг дээх тогтоолоос танилцах боломжтой. Мөн хилийн боомтуудаар нэвтрүүлж буй автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварыг Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолоор өөрчилсөн байна.

Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт “Боловсролын зээлийн сан” байгуулах талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.

Уг тогтоолоор “Боловсролын зээлийн сангийн дүрэм”, “Боловсролын зээлийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн”, “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг баталсан байна.

Боловсролын зээлийн сангийн зорилго нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид зохих журмын дагуу санхүүгийн дэмжлэг, суралцагчийн тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл олгох, зээлийг эргэн төлүүлэх ажлыг зохион байгуулахад оршиж байгаа бөгөөд Сангийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль болон Боловсролын зээлийн сангийн дүрмээр зохицуулах аж. Сангийн үйл ажиллагааны зардлыг улсын төсөв болон зээлийн хүүгийн орлогоос санхүүжүүлэх юм байна.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд “Боловсролын зээлийн сангийн дүрэм”, “Боловсролын зээлийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн”, “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг бүрэн эхээр нь нийтэлжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ