“Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн үзэсгэлэн олон улсынх болж өргөжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-10-28 15:31:00

Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиодог "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн үзэсгэлэн энэ жил олон улсын үзэсгэлэн болон өргөжлөө.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Монголын Уран зургийн галерейд болж, шилдэг бүтээлийн эздийг шалгаруулсан юм. 

2011 оноос хойш 6 дахь жилдээ болж үзэсгэлэнд Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс, Франц, Халимаг зэрэг 5 орны 40 гаруй уран бүтээлч уран бичлэгийн бүтээлээ толилуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэсгэлэнг нээж хэлэхдээ, “Монголын ард түмний хамгийн дээд бахархал бол монголчуудын өв соёл юм. Энэ өв соёлыг монголчууд, монгол хүмүүс өөрсдөө бүтээдэг. Тэр бүтээсэн хамгийн дээд бахархал бол бидний Их эзэн Чингис хаан юм. Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хаан маань мэндэлжээ гэж манай олон эрдэмтэд түүхийн сурвалжуудыг үзэн тогтоож, энэ өдрийг Монгол бахарлын өдөр болгон тэмдэглэж байх саналыг төрд уламжилсан. Үүний дагуу зарлиг гарч, ийм өдөртэй болсон. Энэ өдөр Монгол хүн бүр сайхан эх орноороо, Монгол хүн болж төрснөөрөө, тусгаар тогтнол, эрх чөлөө, зан заншлаараа бахархах ёстой. Монгол хүнийг эх орон, түүх соёл, зан заншил нь дэлхийн бусад ард түмнээс ялгаруулдаг. Дэлхийн олон ард түмний дундаас сонгодог түвшинд хүрсэн өв соёлтой ард түмэн бол монголчууд. Манай уран бичигтнүүдийн байгуулсан Уран бичлэгийн олон  улсын холбоонд монгол туургатан ахан дүүс нэгдэж байгаад баяртай байна. Энэ санаачилга улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.

Уран бичлэгийн "Шилдэг бүтээл"-ийн тэргүүн байрт уран бичээч Э.Анхбаярын “Оюунтүлхүүр” бүтээл шалгарсан бол тусгай байрын шагналыг БНХАУ-ын ӨМӨЗО-ы уран бичээч Үнэнчбаатарын “Монголын нууц товчоо” бүтээл  хүртэв.

Харин БСШУСЯ-ны “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” шагналыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахмад ажилтан Р.Отгонбаатар “Монгол бичгийн эвхмэл үсгүүд", БНХАУ-ын ӨМӨЗО-ы Монгол уран бичлэгчдийн нийгэмлэгийн тэргүүлэгч Б.Оргил “Хүсэгч Хүмүүн ивээгч тэнгэр” бүтээлээрээ хүртсэн юм.

Тус үзэсгэлэнг үзэж сонирхож буй нийслэлийн 53 дугаар сургуулийн 10-ын "Б" ангийн сурагч Л.Номин, “Би бийрний уран бичлэгийн дугуйланд суралцдаг. Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг хараад яг ингэж бичиж үзмээр санагдаж байна. Дараагийн удаад багш нарын бүтээлээс гадна бийрэн болон монгол уран бичлэгээр хичээллэдэг ахлах ангийн хүүхдүүдийн бүтээлийг тавиасай хэмээн хүсч байна” гэв.


Мөн үзэсгэлэнгийн хүрээнд ЕБС-ийн багш нарын уран бичлэгийн үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвд энэ сарын 27-нд нээсэн бол Монгол бахархлын өдөрт зориулсан үзэсгэлэн Цонжин болдогт байрлах Чингис хааны морьт хөшөө цогцолборт энэ сарын 30-ны өдрөөс эхлэн 10 хоног гарах аж.

"Мөнх тэнгэрийн бичиг" үзэсгэлэн ирэх сарын 01-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд  үзэсгэлэнгийн нээлтэд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, хэл бичиг, түүх соёл судлалын нэрт эрдэмтэд, оюутан сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ