Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл нар Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг гуравдугаар сарын 31-нд өргөн барив.
Монгол Улсад 2000
онд Донорын тухай хууль баталж цусны донорын үйл ажиллагааг зохицуулж байсан
учир дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийж, эрхтний донор,
эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар нэмж тусгажээ. Өдгөө дэлхий нийтэд
үүдэл эсийг эд эс нөхөн сэргээх эмчилгээнд ашиглах, үр хөврөл шилжүүлэн суулгах
зэрэг олон шинэ арга технологи нэвтэрч эхэлсэн учир манай улсын эрүүл мэндийн
салбар тэдгээр дэвшилтэд шинэ технологиудыг хөгжүүлэх шаардлагатай болсныг
хууль санаачлагчид онцлов.
Дэлхийн 93 улс
оронд эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 90
орон тус эмчилгээний талаарх бие даасан хууль тогтоомжийг баталжээ. Эрхтэн, эд эс
шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл батлагдсанаар эрх зүйн орчин улам
боловсронгуй болж, эмчилгээний үр дүнтэй аргууд нэвтэрч эхэлнэ.
Түүнчлэн иргэд эх
орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдэх
бөгөөд амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого,
зохицуулалт ойлгомжтой, тодорхой болж, эмчилгээний чанар, хүртээмж, үр дүн
сайжирна гэж үзэж буйгаа танилцууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.