Адал явдлаар дүүрэн Буратиногийн 80 "нас"-ны ойг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-28 16:41:02

Монголын уншигчдад аль хэдийнээ танил болсон Оросын нэрт зохиолч А.Н.Толстойн “Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал” зохиолын 80 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол-Оросын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд тус ойн баярыг Улаанбаатар дахь “Кириллица” бага сургуульд тэмдэглэн өнгөрүүллээ.

"Кириллица" бага сургуулийн сурагчид өнөөдөр “Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал” зохиолоос сэдэвлэн хөгжимт жүжиг найруулан тоглож, орос хэл судалж буй оюутан сурагчид, эцэг эхчүүд, үзэгчдэд сонирхуулав. Өгөөмөр сайхан сэтгэлийн бэлгэдлээр дэлхий нийтийн соёлд өөрийн орон зайг эзэлсэн Буратино үлгэрийн баатар энэ удаа Монголын тайзнаа гурван өөр дүрээр хувирсан юм. Энэхүү сонирхолтой хөгжимт жүжгийн зохиолыг багш нар нь өөрсдөө бичжээ.

Сургуулийн захирал Ц.Магсар, “Бид аль болох сурагчдын гоо зүйн мэдлэг, бүжиглэх, жүжиглэх, хөгжмийн авьяасыг зэрэг хөгжүүлэхэд анхаарал хандуулдаг. Анх жүжгийн зохиолыг уншиж үзээд энэ том зохиолыг ийм жаахан хүүхдүүд бардаг болов уу гэж бодоод багасгаж хялбаршуулах талаар багш нартай нь ярилцаж байлаа. Гэтэл тэр том зохиолыг анхны хэлбэрээр нь хүүхдүүд маш чадварлаг тоглолоо” хэмээн сурагчдаараа бахархаж байна" хэмээн ярив.

 

Ж.Болор

Холбоотой мэдээ