Тусгай замын автобус төслийн судалгааг амжилттай хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-08 18:23:23

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ.


Тусгай замын автобус төслийг Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их хүрээний гудамж хүртэлх 12.7 км урт коридорын дагуу барих юм. Өдөрт 25-35 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, буудлын тоо 17, зорчих дундаж хугацаа 15-20 минут, дундаж хурд 20-25 км/цаг байна. Төсөл хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 12.6 хувиар нэмэгдэх юм. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор барилга угсралтыг 2026 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, 2028 оны эхээр ашиглалтад оруулах боломжтой гэж үзсэн байна. 


Улаанбаатар хотын авто замын ачааллыг багасгах энэ төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх юм. Одоогоор судалгаа, зураг төсөл 60 орчим хувьтай үргэлжилж байна. "Far East Mobility" компани тусгай замын автобусны зураг төслийг боловсруулж байна.



Тус компани нь тусгай замын автобусны чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ, АНУ, Индонез, Филиппин улсад ажилласан туршлагатай. Нийслэлд 2011, 2019, 2023 онд төсөл хэрэгжүүлэх судалгаа хийсэн. Судалгаагаар өдөрт 1.5 сая гаруй хүн нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа нь BRT-д хэрэгцээ их байгааг харуулжээ. Өргөн зам, зорчигчдын хэрэгцээ зэргийг харгалзаад, Улаанбаатар хотод тусгай замын автобус нь нийтийн тээврийн хамгийн оновчтой шийдлийн нэг  гэдгийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. 


Төслийн зөвлөлдөх уулзалтаар төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт, зохицуулалтын дэд бүтцийг нарийвчлан хэлэлцэж, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцсэн байна. 

Холбоотой мэдээ