Молдав Ерөнхийлөгчийн сонгууль явуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКИШИНЁВ. /TASS/. Молдав сүүлийн 20 жилд анх удаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар болжээ. Сонгууль өнөөдөр болно.
2000 оноос хойш Молдавын Ерөнхийлөгчийг тус улсын парламент сонгодог байсан боловч энэ нь Үндсэн хуульд нийцэхгүй хэмээн үзэж, шууд санал хураалт явуулахаар болжээ. Хамгийн сүүлд 1996 онд санал хураалт явуулах тогтолцоогоор Молдавын Ерөнхийлөгчийг сонгож байсан байна.
Санал хураах байр орон нутгийн цагаар 07:00 цагт нээж, 21:00 цагт хаах ажээ. Сонгогчид 9 нэр дэвшигчээс нэгийг сонгох бөгөөд сонгогчдын 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч тодроогүй тохиолдолд хоёр дахь шатны сонгуулийг ирэх сарын 13-нд явуулах ажээ. Санал өгөх эрх бүхий 3.2 сая иргэний гуравны нэг нь саналаа өгсөн тохиолдолд сонгуулийн үр дүнг хүчин төгөлдөр гэж тооцно.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Европын Холбоо /ЕХ/, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл /ТУХН/ болон бусад байгуулагуудын 500 гаруй төлөөлөгч энэ сонгуульд ажиглалт хийнэ.
Д.Нямтулга