ДОРНОГОВЬ: Малчид ямаагаа самнасан ч ноолуураа борлуулж чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-04-15 13:25:11

Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт нэг кг ямааны ноолуур 110 мянган төгрөг байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 20-30 мянган төгрөгөөр хямд үнэ юм. 


Харин ноолуур худалдан авах аж ахуйн нэгж, хувь хүмүүс одоогоор ховор байна. Ганц хоёрхон хувь хүн авч байгаа ч үнэ хямд байна. 


Учир нь Засгийн газраас энэ оны ээлжит хуралдаанаар түүхий ноолуурын экспортыг хязгаарлаж, угаасан ноолуур гаргах шийдвэр гаргасан. Үүнээс улбаалж малчид өөрсдийн бэлтгэсэн ноолуураа худалдаж чадахгүй байна  гэж аймгийн ХХААГ-аас  мэдээлэв.



 

Энэ талаар Сайншанд сумын малчин Д.Батдоржоос тодруулахад, “Энэ жил цаг агаар таатай, салхи шуурга бага байгаа болохоор ямааны ноолуур шороогүй цэвэрхэн байгаа. Одоохондоо ноолуураа худалдаагүй, хэн нэгэн худалдаж авах байх гэж бодоод одоохондоо хадгалж байгаа" гэв. 


Дорноговь аймаг нийт 700 гаруй мянган ямаатай. Нэг ямаанаас дунджаар 250 гр ноолуур самнадаг. Жилдээ 10-15  тонн ноолуур бэлтгэх боломжтой байдаг гэж аймгийн ХХААГ-аас онцлов. 


Ташрамд, Дорноговь аймгийн мал аж ахуйн салбарт гарсан томоохон ахиц дэвшлийн нэг нь Дэлгэрэх сумын “Дэлгэрэх” омгийн улаан ямаа юм. Дэлгэрэх омгийн ямааг гаргаж авах судалгааны ажил 2010 оноос эхэлж олон жил үргэлжилсэн бөгөөд 2020 онд ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж ашиг шим сайтай Дэлгэрэх улаан ямааг омгоор баталгаажуулсан юм. Улаан ямааны ноолуур нь жирийн ямааныхаас хэд дахин илүү 13-15 микронтой, жигд, урт ноолууртай өвөрмөц популяц бөгөөд дасан зохицох чадвар сайтай, таваарлаг ашиг шим сайтай, амьдын жин нь ч жирийн ямаанаас илүү ажээ.

Холбоотой мэдээ