ЗАВХАН: Гайхалтай нууцуудыг хадгалсан Ямаан усны дурсгалт газар

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-04-17 15:40:07

Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Алдархаан сумын нутаг, Ямаан усны дурсгалт газраас олдсон сүйх тэрэгний модон тэвш нь Хүннүгийн үеийн язгууртных болох нь тогтоогджээ.


Ямаан усны дурсгалт газар нь Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун тийш 32 км зайтай, далайн түвшнээс дээш 1800 орчим метрт орших Хүннүгийн язгууртны бүлэг дурсгал юм.


Энэхүү дурсгал нь хойд талаараа Ямаат уул, урд талаараа Их хөшиг, Тамба уул, зүүн талаараа Хярын уулсын дунд бүх талаараа уулсаар хүрээлэгдсэн нууцлагдмал хөндийд оршдог.

Уг дурсгалт газар нийт Хүннүгийн үед холбогдох 154 булш байх бөгөөд үүнээс 42 нь Хүннүгийн язгууртны дурсгал болох үүдэвчтэй булш, бусад энгийн цагариг хэлбэрийн булш байна.


Эдгээрээс онцолбол Ямаан усны 61-р булш нь 23м х 24м хэмжээтэй зүүн талдаа гурван дагуул булштай. Хойд хэсэгтээ зургаан ширхэг хос зураатай. 12 метр урт үүдэвчтэй дөрвөлжин хашлага чулуун дараас бүхий Хүннүгийн язгууртны дурсгал юм.


61-р дурсгалын малтлагын 7-р үеэс олдсон сүйх тэрэгний модон тэвшний хэсэг нь уран нарийн хээ хуараар чимэглэгдсэн байна. Уг тэвшний хэсгүүд нь улаан, ногоон, шар, цагаан зэргийн олон өнгө шингээж, зүмбэрлэж хээлсэн нарийн хээ хуартай. Нийтэд нь усан болон үүлэн хээг дүрсэлжээ.


Энэхүү язгууртны булшийг үйлдэхдээ Хүннүгийн язгууртны булшны үндсэн хэв шинж болох урвуу пирамид буюу шаталсан хэлбэртэйгээр алсаас үүдэвч гарган хийжээ. Оршуулгын гүн 8 м орчим бөгөөд ижил хэмжээтэй чулуугаар нийтэд нь дарж нарийн ширхэгтэй хайрга, элс зэргээр үе хоорондыг чигжсэн байна. Тал талыг нь засаж янзалсан шургаагаар хийсэн модон бунхан дотор чий будагтай нимгэн банзан давхаргатай, түүн дотор хээтэй торгоор ороосон алтан чимэг, төмөр бүслүүртэй нимгэн банзан авсанд гол булшийг үйлджээ. Харамсалтай нь энэхүү булш эрт цагт тоногдсон байна.


Энэхүү булшнаас олдсон хүний ясанд “Эртний хүн судлал”-ын судалгааг МУИС-ын профессор Д.Түмэн, М.Эрдэнэ нар хийжээ. Судалгаагаар цэвэр монгол төрхтэй болох нь тогтоогдсон нь “Хүннүгийн язгууртнууд өнөөгийн монголчууд бидний өвөг дээдэс байсан”-ыг батлах үнэт сурвалж болсон юм.


Мөн дагалдуулан оршуулсан эд өлгийн зүйлсээс өрнө, дорнын соёлын үнэт өв болох утлагын сав, сац маягийн модон эдлэл, гоёмсог хээ чимэглэл бүхий сүйх тэрэгний тэвш, ромын шилэн аяганы хэсэг зэрэг язгуур угсааг илэрхийлэх олдворууд олдсон нь Хүннүгийн язгууртан дээдэс соёлын өндөр зэрэглэлд нэгэнт хүрсэн байсныг харуулж байна гэж "Нэгэн зууны зурагт шастир" номд өгүүлсэн байна. 


61-р дурсгалын малтлагын 7-р үеэс олдсон сүйх тэрэгний модон тэвшний хэсэг


Малтлагаар олдсон суварга хэлбэрийн модон эдлэл, утлагын хүрэл сав нь Монголд анх удаа илэрсэн олдвор болсон юм.

Утлагын сав нь Баруун хань улсын үед хийгдсэн, өндөр түвшний язгууртнууд хэрэглэдэг, цор ганц хувь хийгддэг эдлэл болохыг тогтоожээ. Тус Ямаан-Уснаас олдсон утлагын сав нь маш нарийн цутгамал хийцтэй, гөрөөс, араатан, мод ургамал зэргийг гадна талд нь дүрсэлсэн байна. Энэ төрлийн утлагын сав нь Хань улсын эзэн хаан Вугийн төрсөн ах Лю Шэн зэрэг эзэн хааны гэр бүлийн булшнаас гол төлөв олдсон байдаг аж. 

 

Холбоотой мэдээ