БАЯНХОНГОР: Хөнгөлөлттэй зээлээр үйлдвэрээ өргөтгөн, хүчин чадлаа гурав дахин нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-04-17 15:45:32
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт 24 хүнсний үйлдвэр, аж ахуйн нэгж “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, аймгийн дотоодоосоо хангах хүнсний бүтээгдэхүүний хүртээмжийг өсгөхөөр хамтран ажиллаж буй. Зээлд хамрагдан, үйл ажиллагаагаа өргөжүүлж буй үйлдвэрүүдийг цувралаар танилцуулж байна.

“Баянжаргант хүнс” ХХК 2010 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Баянхонгор аймагт мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дангаар эрхэлж байна. Давхар утлагат, нарийн хиам, чанамал, салями зэрэг долоон төрлийн хиам, гахайн утсан мах, адууны утсан мах зэрэг найман төрлийн мах, утсан махыг үйлдвэрлэдэг.

Тус үйлдвэр салбарынхаа аймгийн хэрэгцээний 50 хувийг хангах хүчин чадалтай бөгөөд 18 суманд бүтээгдэхүүнээ түгээж байна. Ингэхдээ өөрсдийн үхрийн фермээс түүхий эдээ авч, өдөр бүр шинэ, эрүүл хүнсээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа юм.

“Баян жаргант хүнс” ХХК “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгодог хөнгөлөлттэй зээлийг авч, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө бүрэн шинэчилжээ. Мөн үхрийн фермээ өргөжүүлж, түүхий эдийн асуудлаа шийдсэнээр бүтээгдэхүүний гарц, борлуулалт гурав дахин нэмэгдэн нутгийн брэнд бүтээгдэхүүн болж чадсан юм.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн орон нутагт хүнс үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжин урамшуулж байгаа нь жижиг дунд үйлдвэрлэгчдэд өндөр өгөөж өгсөн үр дүнтэй ажил болж буйг үйлдвэрлэгчид хэлж байна.

Өдгөө тус үйлдвэр 17 хүнийг ажлын байраар хангахаас гадна өдөртөө гурван тонн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах, худалдааны төвүүдэд борлуулж байгаа юм. Цаашид 100 хувь хүний оролцоогүй бүрэн ухаалаг тоног төхөөрөмжийг суурилуулан шинэчлэлт хийхээр төлөвлөсөн байна.
Холбоотой мэдээ