Улсын арслан М.Лхагвын нэрэмжит барилдаанд дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-18 12:12:30

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо, “Эвт Монгол” клубээс санаачлан Завхан аймгийн  Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн ЗДТГ, Идэр сумын ЗДТГ хамтран түмэн олноо “Хамбын бор”,  “Урт гарт” хэмээн алдаршсан улс арслан М.Лхагвын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдааныг зохион байгуулна.


Монгол бөхийн өргөөнд маргааш болох энэхүү барилдаанд дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, арслан Э.Оюунболд Б.Орхонбаяр, Р.Пүрэвдагва, заан Д.Анар, Б.Бат-Өлзий, Д.Хүдэрбулга, М.Лхагвагэрэл, Ц.Одбаяр, Б.Батмөнх, харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар тэргүүтэй энэ цагийн шилдэг хүчтэнүүд зодоглохоор бүртгүүлжээ. Улсын арслан Э.Оюунболдын эрх сэргэж, бөхийн өргөөнд зодоглохоор бүртгүүлсэн нь бөх сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Уг барилдааны түрүү бөх 12 сая төгрөг гардах бол үзүүрлэсэн нь долоо, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр гурван сая төгрөгийн шагнал авах юм. Түүнчлэн азтай үзэгчийг шалгаруулах бөгөөд супер азтан “Тоёото Акуа” маркийн автомашины эзэн болох ажээ.


Урт гарт хэмээн алдаршсан улсын арслан М.Лхагва 1931 оны улсын баяр наадмаар ес давж үзүүрлэн улсын заан, 1933 онд 10 давж түрүүлэн арслан цол хүртсэн бол 1939 онд 512 бөхөөс найм давж үзүүрлэсэн хүчтэн юм. Тэрээр 1933 оны улсын баяр наадамд түрүүлэхдээ улсын начин С.Осор, заан Ж.Лувсанбалдан, арслан Ш.Гилэг, Д.Данзан нарыг өвдөг шороодуулсан түүхтэй. Түүнчлэн 1934-1936, 1946-1951 оны наадамд шөвгөрсөн хүчтэн билээ. М.Лхагва арслан бөхийн их удамтай бөгөөд төрсөн ах аймгийн заан М.Дэндэв, улсын заан М.Намбар нар аж. Түүний хувьд суйлах, эгэмдэж тахимдах, сугадаж тонгорох мэхийг гойд сайн эзэмшсэн нэгэн байжээ. 



Холбоотой мэдээ