УВС: Маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөг уран барималч Л.Ганхуяг бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-04-21 12:37:46

Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөө цогцолбор Увс аймгийн Улаангом сумын төв талбайд байрладаг.


Ю.Цэдэнбал даргын хөшөө цогцолбор, нэрэмжит талбайг шинэчлэх зураг төслийн уралдааныг 2009 онд Увс аймгийн ЗДТГ-аас улс орон даяар зарлаж, уралдаанд олон төсөл ирснээс Улаанбаатар хотын “BALDANS” ХХК-ийн төсөл шалгарсан юм.


Хөшөөний загварыг уран барималч Л.Ганхуяг бүтээсэн бөгөөд Ю.Цэдэнбал даргыг ширээ түшин зогсож буйгаар урлаж, хөшөө, талбайн орчинд нь усан оргилуур бүхий гантигаар бүрсэн тохижилттой хийжээ. Хөшөөний нээлтийг Ю.Цэдэнбал даргын мэндэлсний 100 жилийн ойгоор буюу 2010 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн юм. Увсынхан томоохон ойн үеэр хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийлж, хол ойроос ирсэн зочин гийчид ч зураг хөргөө татуулдаг, хөл хөдөлгөөн ихтэй газрын нэг билээ.



Уг талбайд өмнө нь Ю.Цэдэнбалын даргын цээж баримал хөшөө байсан бөгөөд 2010 онд бүтэн биений цээж баримал хөшөөг босгосон тул хуучин хөшөөг түүний төрсөн нутаг Давст суманд шилжүүлэн байршуулсан байна.


Маршал Ю.Цэдэнбалыг амьд сэрүүн байх үед түүний цээж баримал хөшөөг 60 насны ойд нь зориулж, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын урд талд байрлуулж, 1976 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нээлтийг хийж байжээ. Энэхүү хөшөө нь хүрэл цутгамал бөгөөд Урлагийн гавъяат зүтгэлтэн, уран барималч Х.Доржпалам бүтээсэн байна.

 

Холбоотой мэдээ