Урлаг соёлд цаг зарцуулж үр бүтээлтэй амрав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-01 14:49:21

Өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрүүдийг Дорноговьчууд урлаг, соёлд цаг гаргаж үр бүтээлтэй өнгөрөөлөө.

Аймгийн Төв номын сангийн урилгаар МУСГЗ, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог Сайншанд хотод зочилж Сайншанд сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, УБТЗ-ын  Сайншанд татах хэсэг,  Эрүүл мэндийн газарын ажилтан албан хаагчидтай уулзаж хүүхдийг хэрхэн номтой нөхөрлүүлэх, номыг хэрхэн сонгох талаар харилцан яриа өрнүүлж, үнэтэй зөвлөгөө өгсөн байна.

Тэрээр  “Саран хөхөө” театрт иргэдтэй уулзахдаа хүүхдийг хөгжүүлэх ажлын 70 хувийг ном өгдөг. Тиймээс хүүхдүүдээ байнга номтой нөхөрлүүлж байгаарай гэж захив.

Харин аравдугаар сарын 29-нд  Ардын уран зохиолч,  МУСГЗ, яруу найрагч Б.Лхагвсүрэн гуай Дорноговьд зочилж  “Саранхөхөө” театрт иргэдтэй уулзаж утга зохиол, уран бүтээл, авьяас билигт яруу найрагчдын тухай дурсамж, дурдатгал хөврүүлж олон сайхан шүлгээ уншив.

Мөн түүний зарим  жүжгийн зохиолоос тус театрын уран бүтээлчид тоглож сонирхуулсан байна. Харин аравдугаар сарын 30-нд Монголын эстрадын урлагийн амьд домог, МУСГЗ, ОХУ-ын Буриад Улсын УГЗ Д.Ухнаад шавь нараас нь  их урлагт 50 жил зүтгэсэнд талархаж “Багш тандаа” уран бүтээлийн тоглолтыг “Саранхөхөө” театрт зохион байгуулав.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ