ТӨВ: Гэрэл зураг сонирхогчдын бүтээлээр үзэсгэлэн дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-04-22 17:09:25

Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Аймгийн Музейн үзэсгэлэнгийн танхимд гэрэл зураг сонирхогчдын уралдаанд ирүүлсэн 30 орчим бүтээл бүхий “Mongolian Photo Week-2025” үзэсгэлэнг дэлгэлээ. Тус үзэсгэлэнд Төв аймгийн 9 гэрэл зураг сонирхогчдын бүтээл дэлгэжээ.


“Mongolian Photo Week-2025” үзэсгэлэнгийн үеэр аймгийн музейгээс залуу уран бүтээлчдийг дэмжин тэдний бүтээлийг олон нийтэд сурталчлах зорилгоор гэрэл зураг сонирхогчдын уралдааныг аймгийн хэмжээнд зарласан. Гэрэл зургийн уралдаанд бүтээл ирүүлэх хугацааг энэ сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан бөгөөд ирүүлсэн бүтээлүүдээс дараагийн шатанд өрсөлдөх 5 бүтээлийг шалгаруулахаа зохион байгуулагчдын зүгээс хэлэв.


Төв аймгийн музейн захирал Л.Цэндээс тодруулахад, "Тус үзэсгэлэнг нэг сарын хугацаатай дэлгэнэ. Цаашид бид олон үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд "Чингис хаан" үндэсний музейтэй хамтраад 5 дугаар сарын 18-нд олон улсын музейн өдрийг тохиолдуулан Сарьдгийн хийдийн олдвороор үзэсгэлэн дэлгэхээр төлөвлөж байна" гэв.


Үзэсгэлэнд дэлгэсэн зургууд бүгд өөр өөрийн өнгө аястай, донж төрхтэйгээр дотоод сэтгэл, мэдрэмжээ гаргаж, гэрэл зургийн хальсанд буулгасан нь зочид, гэрэл зураг сонирхогчдын анхаарлыг татаж байв.

 




Холбоотой мэдээ