ӨВӨРХАНГАЙ: Жилд 10-15 хүүхэд өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, “Номын гүүр” сургалтын төв хамтран “Education USA Mongolia” төвийн багш нарыг урьж, “Америкт сурах 5 алхам” хөтөлбөрийг ахлах ангийн сурагчдад танилцууллаа.
“Хүүхдүүд зөвхөн Улаанбаатарт очсоноор их мэдээлэл авч, илүү сурах юм шиг боддог. Тэгвэл орон нутагт багш, сурагчид хамтран ажилласнаараа маш их зүйлийг сурч мэдэх боломжтой. Үүнийг ойлгуулах, мэдүүлэхийн тулд “Education USA” хөтөлбөрийн хамт олныг урьж авчирсан” хэмээн “Номын гүүр” сургалтын төвийн багш Г.Ууганцэцэг хэлж байв.
Америкт суралцах хүсэл мөрөөдөлтэй, АНУ-ын 4000 гаруй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиас өөрт тохирсон сургуулийг сонгон материалаа илгээж элсэн суралцах, зөв ойлголт авахыг зорьж буй ахлах ангийн 270 гаруй сурагчид “Education USA Mongolia” төвийн зөвлөх багш Ц.Анужин цогц мэдээлэл олгосон юм.
Өвөрхангай аймгаас гадаадад сурах сурагчдын тоо жил тутам нэмэгдэж, жилд 10-15 хүүхэд өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд суралцахаар явж байна. Одоогоор Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөгч Ө.Даваажаргал, лаборатори Мэргэд сургуулийн төгсөгч Э.Бүжинлхам нар АНУ-ын их сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрт шалгараад байна.