Түр хэлэлцээр байгуулахыг Ираны тал АНУ-д санал болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 25. /TASS/. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткоффт хандан, цөмийн хөтөлбөрийн асуудлаар түр хугацаатай хэлэлцээр байгуулахыг санал болгосон тухай “Axios” цахим хуудсанд эх сурвалжуудын мэдээллээс эш татан бичжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, талууд Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлуудыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санал болгосон 60 хоногийн хугацаанд эцэслэн тохиролцож чадахгүй байж магадгүй гэдгийг А.Арагчи Ромд болсон зөвлөлдөх уулзалтын үеэр хэлсэн байна.
Талуудын байгуулах хэлэлцээрийн техникийн нарийвчилсан асуудлуудыг тохиролцоход тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хоёр сарын дотор гэрээг эцэслэж амжихгүй байж магадгүй гэдгийг Ираны сайд Америкийн тусгай элчид хэлжээ. Харин Уоткофф хариуд нь хэлэхдээ, түр хэлэлцээр байгуулах асуудлыг хэлэлцэх сонирхолгүй байгаагаа илэрхийлээд, 60 хоногийн дотор иж бүрэн хэлэлцээр байгуулахад анхаарлаа төвлөрүүлэх бодолтой байгаагаа мэдэгджээ.
Гэхдээ хэрэв дээрх хугацаа дуусах дөхсөн үед хоёр талд дахиад хугацаа хэрэгтэй гэж үзвэл түр гэрээ байгуулах саналыг хэлэлцэж болох юм гэдгийг Уоткофф хэлжээ. Харин НҮБ-д суугаа Ираны байнгын төлөөлөгчийн газар “Axios”-ын нийтэлсэн мэдээллийг эрс няцааж "энэ бол үндэслэлгүй, бодит байдалтай нийцэхгүй мэдээлэл" хэмээн мэдэгдсэн бол Төрийн департамент тайлбар өгөхөөс татгалзжээ.
А.Арагчи, С.Уиткофф нар Оманы зуучлалаар Ром хотод шууд бус хэлэлцээ хийжээ. Тэд мөн биечлэн уулзсан гэж Axios-ын эх сурвалжууд мэдээлсэн байна.
Ромд болсон С.Уиткофф, А.Арагчи нарын уулзалтын үеэр “маш сайн ахиц дэвшил гарсан" гэж АНУ-ын засаг захиргааны төлөөлөгч мэдээлжээ. Ерөнхийлөгч Трамп 60 хоногийн хугацаа яг хэзээ дуусахыг тодорхой хэлээгүй бол Америкийн албаныхан хугацаа дуусах дөхөж байна хэмээн Ираны талыг шахаж байгаа аж.
Иран, Америкийн төлөөлөгчдийн шууд бус яриа хэлэлцээний хоёр дахь шатны уулзалт Ром хотноо Оманы зуучилснаар дөрөвдүгээр сарын 19-нд болжээ. А.Арагчигийн хэлснээр, талууд хэд хэдэн асуудлаар ойлголцолд хүрсэн байна. Ираны Гадаад хэргийн сайд, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч нарын дараагийн хэлэлцээ дөрөвдүгээр сарын 26-нд болно.