Э.Хүслэн дэлхийн аварга боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ100 буудалт даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Измер хотод болж байна.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 11 хүртэлх насны охидын ангилалд оюун ухаан, авьяас билгээ сорин өрсөлдсөн Монгол Улсын тамирчин, Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Э.Хүслэн дэлхийн аварга боллоо.
Тэрээр олон орны тамирчиддтай 9 өрөг тоглосноос 6 хожиж, 3 тэнцэж 15 оноогоор нийт оролцсон 28 тамирчныг манлайлсан байна.
Мөн энэ насны ангилалд өрсөлдөж байгаа Н.Налжормаа 14 оноогоор хүрэл медаль хүртсэн тухай мэдээллийг албан эх сурвалж өгөв. Э.Хүслэн 2015 онд Голландын Бейлэн хотод болсон өсвөрийн даамчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ
Дашрамд дурдахад.тус аймгийн 26 өсвөрийн даамчин энэ оны зургадугаар сард Улаанбаатар хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 10 алт, 11 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авсан.
100 буудалт даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тус тэмцээнд эх орноо төлөөлж Дорноговь аймгаас өсвөрийн даамчин Э.Хүслэн, Н.Налжормаа, Б.Түвшин, С.Энхтүвшин нар оролцож байна.
Х.Эрдэнэбулган