Вьетнамын ард түмний эв нэгдлийн хүч - 1975 оны хаврын аугаа их ялалт

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2025-04-30 13:39:41

-Вьетнамын дайн дуусаж, нэгдсэн улс байгуулагдсаны 50 жилийн ойн өдөрт- 


Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. 1975 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бол өмнөдийг чөлөөлж, Вьетнамын өмнөд болон хойд хэсэг нэгдсэн өдөр билээ. Энэ бол Вьетнамын ард түмний хувьд түүхэн ач холбогдол бүхий чухал баярын өдөр юм. Жил бүрийн энэ өдөр Вьетнамын ард түмэн 1975 оны үндэсний түүхэн ялалтын талаар эргэн дурсаж,  өмнөд нутгийг чөлөөлөх арми Сайгоныг дахин хяналтдаа авч, Бүгд Найрамдах Вьетнам Улсын Ерөнхийлөгч Зыөнг Ван Минийг болзолгүйгээр бууж өгөхийг шаардан Вьетнамын дайныг дуусгасан ариун мөчийг тэмдэглэдэг.


1975 оны 4 дүгээр сарын 30-ны түүхэн ялалт бол Вьетнамын үндэсний эрх чөлөөний үйл хэргийн хамгийн агуу ололт бөгөөд Вьетнамын ард түмний олон мянган жилийн туршид улс орноо бүтээн байгуулан, хамгаалж ирсэн баатарлаг түүх юм. Вьетнамын Коммунист нам, Ерөнхийлөгч Хо Чи Минийн удирдлаган дор Вьетнамын ард түмэн тоо томшгүй олон бэрхшээл, зовлон зүдгүүрийг даван туулж, эрэлхэг зоригтойгоор тулалдан, амь биеэ золиослон гайхамшигт ялалтыг бий болгосон бөгөөд түүний оргил үе нь 1975 оны хаврын нэгдсэн довтолгоо, бослого байсан бөгөөд өмнөд нутгийг бүрэн чөлөөлж, улс орноо нэгтгэсэн Хо Чи Минийн түүхэн ялалтаар өндөрлөв. Хо Чи Минийн түүхэн дайралт нь улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, эв нэгдлийн төлөөх 30 жилийн тэмцлийг төгсгөж, Вьетнам дахь хуучин ба шинэ колоничлолын 100 гаруй жилийн ноёрхлыг таслан зогсоосон бөгөөд Вьетнам орныг үндэсний тусгаар тогтнол, социализмын  эринд хөтлөх шийдвэрлэх түүхэн эргэлтийг хийсэн юм.

Хо Чи Минийн түүхэн ялалт нь дараах хүчин зүйлийн нийлмэл ололт байлаа. Энэ бол Ерөнхийлөгч Хо Чи Миний тэргүүлсэн Вьетнамын Коммунист намын улс төрийн болон цэргийн оновчтой, зөв удирдлага, улс орноо бүтээн байгуулан хамгаалж ирсэн 4000 жилийн уламжлалын хүч чадал, мөн “Тусгаар тогтнол, эрх чөлөөнөөс илүү эрхэм зүйл үгүй” гэсэн үзэл санаа бүхий Вьетнамын бүх ард түмний эх орныхоо хувь заяаг эзэгнэх тууштай, няцашгүй хүсэл зориг, Вьетнамын бүх ард түмний эв нэгдэл, дээд зэргийн зөвшилцөл нь ямар ч дайсан саад болж чадахааргүй нэгдмэл хүчийг бий болгосон юм. Вьетнамд ард түмнээс төрөн гарсан, ард түмнийхээ төлөө тэмцдэг, өвөрмөц, онцгой цэргийн урлагтай, үргэлж боломжийг бий болгон, түүнийг ашиглан нөхцөл байдлыг эргүүлэхийн тулд шийдвэрлэх цохилтуудыг зохион байгуулж, ялалт байгуулахын төлөө тулалддаг баатарлаг арми байв. Энэхүү ялалтад дэлхийн өнцөг булан бүрийн энх тайвныг эрхэмлэгч ард түмэн, анд нөхдийн эв нэгдэл, дэмжлэг туслалцаа их байсан юм.


Вьетнамын ард түмний ялалт нь дэлхийн үндэсний ардчилсан хувьсгалт хүчний сонгодог ялалт болсон бөгөөд үндэсний тусгаар тогтнол, энх тайван, ардчилал, нийгмийн дэвшлийн төлөө энх тайвныг эрхэмлэгч ард түмний тэмцлийг дэлхийн өнцөг булан бүрд хүчтэй сурталчлахад хувь нэмэр оруулсан ба империализмын эсрэг үндэсний эрх чөлөөний тэмцэл хийж буй ард түмэнд урам зориг өгсөн явдал болсон юм.

Өнгөрсөн 50 жилийн хугацаанд, Вьетнамын ард түмний хувьсгалт үйл хэрэг олон том амжилтад хүрсэн хэдий ч 1975 оны 4 дүгээр сарын 30-ны ялалт бол Вьетнам хүн бүрийн бахархал, гайхамшигт үйл явдал хэвээр байсаар ирсэн. Энэхүү ялалт нь Вьетнам үндэстний түүхэнд шинэ хуудсыг нээсэн бөгөөд Вьетнамын бүх ард түмнийг аливаа саад бэрхшээлийг даван туулж, өөрчлөлт шинэчлэлтийн зам руу тогтвортой шилжин, Вьетнамыг олон агуу ялалтуудад хүргэхэд хөдөлгөгч хүч байсаар байх болно.


Өмнөд нутгийг бүрэн чөлөөлж, улс орноо нэгтгэсний 50 жилийн ой бол Вьетнам хүн бүрт үндэстнийхээ баатарлаг түүхийг эргэн санаж, эх орноо бүтээн байгуулах, хамгаалахын төлөө тэмцлийн түүхэн замналыг эргэн харах нэгэн боломж юм. Вьетнам хүн бүр эв нэгдэл, тусгаар тогтнол, эрх чөлөө, аз жаргалтай амьдралын төлөө бүхнээ золиослоход бэлэн байсан үе үеийн тэмцэгчдийн эх оронч уламжлал, няцашгүй чин сэтгэлээр үргэлж бахархдаг билээ. Вьетнам хүн бүр түүхээ гүнээ хүндэтгэн, энх тайван, эвлэрэл, эв санааны нэгдэл, нэгдмэл байдал нь ялагдашгүй хүч бөгөөд “Вьетнамын өөдлөн дэвжих” бат бөх үндэс суурь юм гэдгийг улам ухамсарласаар байна.


Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас

Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань

 

 


 

Холбоотой мэдээ