АРХАНГАЙ: “Оюу толгой” ХХК Жаргалант сумын 2138 га талбайд шинэс мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-29 15:54:04

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Жаргалант сумын 24 байршлын 2138 га талбайд “Оюу толгой” ХХК мод тарина.

 

Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Төв аймагт нийт дүнгээр 10.2 мянган га талбайд 20.5 сая мод тарьж ургуулах, ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажлын зураг төслүүдийг Засгийн газраар батлуулсан байна.


Оюу толгой” ХХК дээрх батлагдсан ойжуулалтын зураг төслийн дагуу 2025 оноос эхлэн ирэх жилүүдэд томоохон талбайнуудыг хамарсан их хэмжээгээр мод тарьж ургуулах ажлуудыг тухайн орон нутгийн иргэдийг оролцуулан ойжуулалтын мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж, 2-3 жилийн дараа орон нутгийн захиргаа, сум дундын ойн анги, ойн газарт хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.


Оюу толгой ХХК-ийн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн 2-р үе шат 2025 оноос эхэлж байгаа бөгөөд масс ойжуулалтын ажил буюу сэрүүн бүсэд шилмүүст модоор ойжуулах, говь цөлийн бүсэд заган ойжуулалтын ажлыг эрчимжүүлж, ойн салбарыг чадавхжуулах ажлын хүрээнд мод үржүүлгийн газруудыг байгуулах, тоног төхөрөөмжөөр хангах ажлыг үргэлжлүүлэн хийх юм.

 

Энэ ажлын хүрээнд Жаргалант суманд сонгогдсон байршлуудад 2025-2030 оны хооронд үе шаттайгаар ойжуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр болсон байна.


“Оюу толгой” ХХК нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин100 сая мод тарих хөтөлбөрийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж буй. Эл хөтөлбөрийг үндсэн дөрвөн стратеги баримтлан хэрэгжүүлнэ. Үүнд:

 

-Зөв газар, зөв модыг зөв зориулалтаар тарьж, ургуулах, 

-Монгол орны ойн салбарын ирээдүйн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, 

-Урт хугацаанд үр өгөөжтэй, тогтвортой үргэлжлэх, 

-Талуудын оролцоог хангасан байх юм.  

Холбоотой мэдээ