Лос-Анжелесын Олимпын нээлт хоёр цэнгэлдэх хүрээлэнд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-05-09 12:33:11

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны тавдугаар сарын 9 /BBC/. АНУ-ын Лос-Анжелес хот Олимпын нээлтийн ёслолыг хоёр цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан анхны хот болно.


Нээлтийн ёслол 2028 оны долоодугаар сарын 14-нд Лос-Анжелесын Дурсгалын колизей болон Соу-Фай” цэнгэлдэх хүрээлэнд болно гэж “Лос-Анжелес-2028” наадмыг зохион байгуулагчид пүрэв гарагт мэдэгджээ.


1932, 1984 оны Олимпын тэмцээн уралдаанууд явагдаж байсан колизейд 2028 оны долоодугаар сарын 30-нд болох хаалтын ёслолыг зохион байгуулна. Ингэснээр тус колизей Олимпын түүхэнд зуны гурван наадмыг зохион байгуулсан анхны цэнгэлдэх хүрээлэн болох юм.


Харин Америкийн Үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ “Лос-Анжелес Рэмс”, “Лос-Анжелес Чаржерс” багуудын “Соу-Фай” цэнгэлдэх хүрээлэнд наймдугаар сарын 15-нд Паралимпын нээлтийн ёслол болох бол хаалтын ажиллагаа наймдугаар сарын 27-нд Дурсгалын колизейд болно.


2028 оны наадмын нээлт, хаалтын ёслолыг зохион байгуулахаар сонгосон газрууд нь Лос-Анжелесын спортын баялаг түүх, шинэлэг ирээдүйг онцлон харуулж, хотын зүгээс дэлхий дахинд үзүүлэхийг зорьж буй хамгийн сайн сайхан бүхнийг толилуулах болногэж “Лос-Анжелес-2028” наадмыг зохион байгуулах хорооны дарга Кейси Вассерман хэллээ. 


Дурсгалын колизейд Олимпын эхний долоо хоногт хөнгөн атлетикийн тэмцээнүүдийг зохион байгуулах бол “СоуФай” цэнгэлдэх хүрээлэнд хоёр дахь долоо хоногт усанд сэлэлтийн тэмцээнийг явуулахаар төлөвлөж байна. Мөн Лос-Анжелесын Олимпын үеэр крикет, лякросс, сквош зэрэг хэд хэдэн спортын төрлийн тэмцээн уралдааныг сэргээн зохион байгуулах бол флаг хөл бөмбөгийн тэмцээн анх удаа болно.

 


Холбоотой мэдээ