УВС: Хорт хавдрын шалтгаан, нөхцөлийг тодорхойлох судалгааны баг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-05-12 12:54:28

Улаангом, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Увс аймагт зонхилон тохиолдож буй хавдрын өвчлөлийн шалтгаан, нөхцөлийг судлах судалгааны ажил эхлээд байна.


Энэхүү судалгааг аймгийн ЭМГ-аас Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит “Анагаах ухааны хүрээлэн”-гийн эрдэмтэн судлаачидтай хамтран хийж байна. Судалгааг хавдрын тархалт багатай 3 сум, тархалт ихтэй 3 сум болон Улаангом сумын 2 багийн нийт 800 хүнийг хамруулан хийхээр төлөвлөн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 6 сум, 2 багаас тус бүр 100 хүнийг түүврийн аргаар сонгон авч судалгаанд хамруулж байгаа юм.


Энэ хүрээнд зөвхөн судалгаа хийгээд зогсохгүй, Увс аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт семинар хамтран зохион байгуулах, иргэдэд мэдээлэл зөвлөмж, гарын авлага түгээх ажлыг мөн хийж байна.


Увс аймгийн иргэдийн дунд элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөл их байдаг бөгөөд энэхүү өвчлөлийн тоогоороо улсдаа олон жил тэргүүлж ирсэн юм. Иймээс хүн амын өвчлөлийг бууруулахын тулд шалтгаан, нөхцөлийг тодорхойлох судалгааг ул суурьтай хийж эхлээд байна. 




Холбоотой мэдээ