СЭЛЭНГЭ: Бяцхан “Аврагч дохиур” багийнхан анхны тэмцээндээ тэргүүлжээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-12 18:04:21

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Ногоон гэрэл, цагаан шугам" тэмцээн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд "Замын хөдөлгөөн цагаан толгой-2025” нэртэйгээр Сэлэнгэ аймагт амжилттай болж өндөрлөлөө.

 

Тус тэмцээн “Хүүхдийг зам тээврийн хэрэг ослоос урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох, эцэг эх асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах цэцэрлэгийн багш, ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх” зорилго дор боллоо.

 

Тэмцээнд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоноос СӨБ-ын нийт 13 баг оролцож авхаалж самбаа, хүч чадлаа сорин өрсөлдлөө.

 

Тэмцээнийг багийн ахлагчийн тэмцээн, багийн ахлагчийн командаар гүйцэтгэх жагсаалын үзүүлбэрүүд, багийн хамт олны нэгдсэн дуу, бүжиг гэсэн төрлөөр зохион байгуулав.

 

Ингээд тэмцээний ялагчаар Сүхбаатар сумын 8-р цэцэрлэгийн Б.Болорцэцэг багштай, бэлтгэл “А” бүлгийн “Аврагч дохиур” баг шалгарч алтан медалийн эзэд боллоо.

 

Дашрамд дуулгахад байгуулагдаад 3 жил болж байгаа тус цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд анх удаа энэхүү тэмцээнд оролцож, олон удаа аваргалж байсан багийг ялж, багаараа тэргүүн байрыг эзэлсэн нь уг тэмцээний онцлог байв.

 

“Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнийг анх 1981 онд Монгол Улсын Гавьяат хуульч, Техникийн ухааны доктор /Ph.D/, цагдаагийн бэлтгэл хурандаа Г.Ринчиндорж санаачлан зохион байгуулж байжээ.