АРХАНГАЙ: Талын гурван хэрэм нь Хүннүгийн үед холбогдоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нутагт орших улсын хамгаалалттай түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг цувралаар танилцуулж буй. Энэ удаад Талын гурван хэрмийн тухай өгүүлнэ.
Архангай аймгийн төвөөс 100 гаруй км, Өгийнуур сумын төвөөс баруун хойд зүгт 21 км орчим зайд Хэрмэн тал хэмээх газар уг дурсгал оршино. Том хэмжээтэй шороон хэрмээр хүрээлэгдсэн өвөрмөц зохион байгуулалт бүхий уг газрыг нутгийнхан “Хэрмэн тал” ч гэж нэрлэдэг.
Энэ дурсгал нь 421х452 м, 480х400 м, 260х300 м хэмжээтэй зүүнээс баруун тийш цуварч байрлах 3 шороон хэрэм юм. Уг хэрмийг судлаачид НТ I зууны үе буюу Хүннүгийн үед холбогдоно гэж үздэг.
Хэрмийн дотор төв хэсэгт дөрвөлжин хэлбэртэй шороон тавцантай, түүний өмнө талд гөвгөр шороон зурвасаар холбогдсон бага хэмжээтэй шороон тавцан байх бөгөөд хэрмийн баруун урд хэсэгт сөөлжин байрлах 3 шороон дов бүхий бүтэцтэй. Барилгын ор хэмээн таамаглаж буй шороон тавцан, шороон довын байрлал, тоо зэрэг нь 3 хэрмийнх яг ижил байгаа нь сонирхол татна. Шороон хэрэм нь 4 талдаа хаалганы оромтой бөгөөд 0.8-1.4 м өндөр, гадна талдаа ус зайлуулах шуудуутай их ажил орж байгуулсан бүтэцтэй байна.
Дурсгалыг анх XIX зууны төгсгөлд Монгол орноор судалгаа хийж явсан Оросын эрдэмтэн Д.Клеменц олж үзээд Хэрэйд аймагт холбогдох хотын үлдэгдэл хэмээн тодорхойлсон байдаг. Харин хожим МУИС-ийн багш доктор З.Батсайхан, Ё.Баатарбилэг нарын судлаачид уг хэрмийг Хүннүгийн үед холбогдох боломжтой талаар эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэнээр судлаачдын анхааралд өртсөн. Уг дурсгалт газарт профессор А.Очирын ахалсан Монгол-Хятадын хамтарсан экспедиц 2014-2019 онд археологийн малтлага судалгаа хийсэн байна.
Судалгааны явцад улаан зос хольсон шавраар дэлдэж хийсэн дөрвөлжин хэлбэрийн барилгын суурь мэт өндөр тавцан илэрсэн байна. Уг тавцан 46х46 м хэмжээтэй бөгөөд тавцангийн гадна захаар тойруулсан 36 модон баганын үлдэгдэл, түүний дотор талаар тавцангийн ирмэгээс 4-4.5 м зайд эгнүүлэн тойруулсан 28 модон баганын ором илэрчээ.
Шороон тавцан нь баруун хананы дунд хэсэгт шороо дагтаршуулан хийсэн налуу зам маягийн гарцтай, мөн зүүн талдаа өмнө талд байрлах жижиг шороон байгууламжтай холбогдсон овгор шороон зам мэт харагдах байгууламжтай юм. Энэхүү байгууламжаас Хүннүгийн үеийн бусад хот суурины дурсгалаас илрүүлсэн шиг тоосго, дээврийн ваар зэрэг барилгын хэрэглэгдэхүүн олдоогүй тул ордон барилга биш харин тахилын зориулалттай түр зуурийн саравч босгодог байсан хэмээн таамаглажээ.
Улмаар Хятад сурвалжид гардаг Хүннүгийн их тахилга, тайлгын мэдээ баримттай холбож, Талын гурван хэрмийг Хүннүгийн шаньюйн тахилын газар байсан хэмээн малтлага хийсэн судлаачид үзсэн байдаг.
3 хэрмийг зэрэгцүүлэн
байгуулсан явдлыг Хүннүгийн төв болон баруун, зүүн гарт хуваагддаг байсан
төрийн тогтолцоотой холбон тайлбарласан байна. Энэ дурсгалаас илэрсэн модны
дээжид радио-карбоны аргаар задлан шинжилгээ хийхэд холбогдох он цаг нь НТ I
зуун гэж гарсан тул дурсгалын он цагийг Хүннүгийн үед холбогдоно хэмээн үзэж
байна.
Түүнээс гадна баруун хэрмийн доторх төв тавцанг малтан шинжлэх явцад хожим нэмж хийсэн “оруулмал оршуулга” илэрсэн бөгөөд уг оршуулгын он цаг Жужаны хаант улсын үед холбогдохоор гарчээ. Энэ нь Талын гурван хэрэм дурсгал ямар ч тохиолдолд НТ IV зуунаас өмнөх үед холбогдохыг харуулж байна.
Талын гурван хэрмээс илэрсэн Жужаны үеийн оруулмал оршуулга нь Евроазийн нутгаас илэрсэн жужанчуудад холбогдох нь тодорхой болсон цорын ганц дурсгал гэдгээр шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой юм.
Энэ булш улаан будгаар будсан модон авсанд хүнийг толгойгоор нь ялимгүй баруун хойш харуулан тэнэгэр байдлаар оршуулсан байжээ. Оршуулсан хүний зүүн талаас нумын ясан наалтууд, баруун гарын сарвуу орчмоос 3 ширхэг хүрэл бөгж, баруун ташааны орчмоос арьсан хавтага дотор хийсэн цутгамал хүрэл шагай олджээ. Мөн аарцгийн орчмоос 3 төмөр хутга, хөлийн орчмоос шавар ваар илэрсэн байна.
Сонирхолтой нь хүний
баруун ташааны орчмоос чихний ухуур, үс засагч, хумс засагч, хэлний хусуур
зэрэг гоо заслын хэрэглэл олдсон байна. Уг гоо заслийн хэрэглэлийг монголчууд
“таван саваагүй” хэмээн нэрлэдэг бөгөөд биедээ авч явдаг уламжлалтай байсан юм.
Нас барагчийн хүзүүнд
далавчаа дэлгэсэн шувууны хэлбэрт хүрэл зүүлт зүүлгэсэн бөгөөд бүсэлж байсан
агсарга бүсний төмөр арал, унжлагын чимэг зэрэг ч илэрчээ. Хүний цээжин дороос
бог малын 8 ширхэг нуруу, 4 өндөр хавирга гарсан байна. Бог малын нурууг оршуулж буй
хүний дор тавьдаг энэ зан үйл Монголын эзэнт гүрний үеийн булш оршуулгад
түгээмэл тохиолддог монголчуудын оршуулгын зан үйлийн өвөрмөц үйлийн нэг юм.
Талын гурван хэрмээс илэрсэн оруулмал оршуулгаас авсан дээжийн радио-карбон шинжилгээний он цаг НТ 335-535 оны хооронд холбогдохоор гарсан нь уг булшийг Жужаны хаант улсын үед холбогдохыг хэлж өгч байгаа бөгөөд олдвор эд өлгийн зүйлсийн хэлбэрт төрх ч гэсэн үүнийг давхар нотлож байгаа юм.
Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.