АРХАНГАЙ: “Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2025” хэлэлцүүлгийг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-23 11:17:41

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, арьс шир, ноос ноолуурын боловсруулалтыг 30-50 хувьд хүргэх зорилготой. Энэ зорилгын хүрээнд түүхий эдийн бэлтгэлийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулах гэсэн заалтыг хэрэгжүүлэх үүднээс “Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2025” хэлэлцүүлгийг Архангай аймагт 10 дугаар сарын 22-нд зохион байгууллаа.


Хэлэлцүүлэг нь аймгуудын мал аж ахуй болон хөнгөн, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтнүүд, хоршоодыг “Арьс ширэн түүхий эд бэлтгэлийн хэлэлцүүлэг-2025”-д хамруулж, мэдээллээр хангах, чадавхжуулах, биржийн арилжаанд бэлтгэх, багцын системийг сурталчлан таниулах, давтан сургах замаар түүхий эд бэлтгэлийн чанар стандартыг сайжруулах зорилготой.

 

Хэлэлцүүлгээр Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээлд хамрагдах, Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан түүхий эд бэлтгэх ямар боломжууд байдаг талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.


Энэ үеэр хангайн бүсээс авсан арьс ширээр хийсэн зарим бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэнг дэлгэжээ. Мөн Хөдөө аж ахуйн биржээр шууд дуудлага худалдаа зохион байгуулж, Хотонд сумын “Шинэ бургалдай” хоршооны бэлтгэсэн 200 үхрийн ширийг ширхгийг нь 10000 төгрөгөөр худалдан авлаа.


Мөн үндэсний үйлдвэрлэгч “Булигаар”, “Мон-Ирээдүй”, “Арилдий” ХХК-иуд арьс ширэн түүхий эдийг хоршоодоос худалдан авах, хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.


Хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Зээлийн батлан даалтын сангийн Хангайн бүс, “Цагаан алт” ТББ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгууллаа. 


Холбоотой мэдээ