Дэлхийн зөгийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-20 10:56:04

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Жил бүрийн тавдугаар сарын 20-ны өдөр дэлхий нийтээр “Олон улсын зөгийн өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай.


НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2017 оны 12 дугаар сард Словенийн Зөгийчдийн холбооны санаачилгаар энэхүү өдрийг баталсан юм. Тоос хүртээгч амьтдыг хамгаалах, энэ асуудалд шийдвэр гаргагчид болон олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор "Дэлхийн Зөгийн өдөр"-ийг бий болгосон байна.


Уг өдрийг дэлхийн 70 орчим оронд тэмдэглдэг бөгөөд энэ өдөр тоосонцрын ач холбогдол, тэдэнд учирч буй аюул занал, тогтвортой хөгжилд оруулах хувь нэмэр, зөгий, зөгийн бүтээгдэхүүний ач холбогдол, ховордсон зөгийг хамгаалахтай холбоотой асуудлыг олон нийтэд таниулах зорилготой олон үйл ажиллагаа зохион байгуулдаг ажээ. Энэхүү өдөр зөгий үржлийг судалж, орчин үеийн зөгийн аж ахуйн үндэс суурийг тавьсан Словенийн иргэн Антон Яншагийн мэндэлсний ой тохиодог.


Тэгвэл манай улсад анх 1959 онд Б.Жамц Буриадаас анх 20 бүл зөгийг Сэлэнгэ аймгийн Шаамарт авчирч нутагшуулснаар орчин үеийн зөгийн аж ахуйн суурийг тавьсан гэж үздэг. Үүнээс хойш балт зөгийг манай орны ойт хээрийн бүс нутгийн Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Архангай, Булган, Завхан, Увс, Ховд зэрэг аймгуудад үржүүлэх болсон байна. Монгол оронд зөгий үржүүлж байгаа байдлаас үзэхэд нэг бүл зөгийнөөс жилд 7-14 кг хэрэгцээний бал авдаг аж.


Монгол орны ихэнх нутагт балт ургамлын нөөц сайтай учраас зөгийг үржүүлж өндөр ашигтай салбар болгон хөгжүүлэх боломжтойг судлаачид тогтоосон байдаг.


Манай улс 5-7 сая бүл зөгий үржүүлэх бэлчээрийн нөөцтэй, ойт хээрийн бүсэд 43 овгийн 230 гаруй зүйлийн амтат, шүүст, тоост ургамал ургадгийг тогтоожээ.


Сүүлд гаргасан статистикаар манай улсад зөгий үржүүлдэг 26 аж ахуйн нэгж байдаг бөгөөд тэдний зөгийн бүлийн тоо 1731-т хүрсэн байна. Түүнчлэн зөгий үржүүлдэг 615 өрх байдаг ба зөгийн бүлийн тоо 13703 аж. Эдгээр нь жилд дунджаар 400 орчим тонн бал үйлдвэрлэдэг аж. 



Холбоотой мэдээ