АРХАНГАЙ: Хиймэл оюун ухаанд суурилсан цахим системийг анх удаа нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.1-д Аялал жуулчлалын менежмент, удирдлага, зохион байгуулалтыг оновчтой болгож төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлнэ гэсэн зорилтын хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан E-Guide цахим системийг анх удаа нэвтрүүлэхээр боллоо.
E-Guide.mn гэсэн энэхүү цахим сайт нь Монгол орны хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л төрлийн үйлчилгээг дэлгэрэнгүй оруулсан байх юм.
Мөн 38 орны хэлээр аудио болон бичгээр мэдээллээ авах бүрэн боломжтой. Энэ нь аль ч орноос ирсэн жуулчдад хэлний бэрхшээл гарахгүй гэдгээрээ давуу талтай.
Архангай аймгийн хувьд аялал жуулчлалын маршрут, байгалийн дурсгалт газар, түүхэн дурсгалт газар, рашаан сувилал, амралтын газар, жуулчны бааз, зочид буудал, ресторан, малчин кемп зэрэг аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллүүдийг багтаасан байна.