Загвар өмсөгч Б.Номинд Канадад эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваад талархал илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-21 12:33:24

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Канадын загвар ба авьяасын агентлагаас зохион байгуулдаг тэмцээнээс Б.Номин “Commercial Print Model” ангилалд тэргүүн байр эзэлж, Пол Салливаны нэрэмжит жүжигчний шагнал хүртсэн байна.


Түүний хувьд Канадад ажиллаж, амьдардаг нэгэн бөгөөд энэхүү нэр хүндтэй уралдаанд оролцсон анхны монгол эмэгтэй юм байна. Тэгвэл Б.Номинг Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос хүлээн авч уулзан, баяр хүргэжээ. Элчин сайд Э.Сарантогос уулзалтын үеэр Канадад эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваад талархал илэрхийлэн урлаг, уран бүтээлийн өндөр амжилт хүссэн байна.


Загвар болон тайз, дэлгэцийн урлагт 15 жил авьяас чадвараа сорин яваа Б.Номингийн хувьд гэрэл зураг, кино, телевизийн 150 гаруй төсөлд оролцож, Монголын соёл ахуйг харуулсан “Burn Your Maps” уран сайхны кинонд тоглосон. Тэрбээр 2016 онд Канадад зохион байгуулсан бодибилдинг, фитнессийн тэмцээнд шагналт тавдугаар байр эзэлж байсан юм. Түүнчлэн 2024 оны “Miss Universe Canada” тэмцээнд шилдэг 14 оролцогчийн нэгээр шалгарсан байна.


Б.Номин Канадын Эрүүл мэндийн яаманд бодлогын шинжээчээр ажилладаг бөгөөд үүнийхээ зэрэгцээ загварын болон кино урлагийн ертөнцөд өөрийгөө сорьдог аж. 












Холбоотой мэдээ