ХӨВСГӨЛ: Хүүхдийн спортын VIII их наадамд 219 тамирчин оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн спортын VIII их наадмын зуны төрөлд Хөвсгөл аймгаас оролцох баг тамирчдад амжилт хүсэх хүндэтгэлийн ёслол Мөрөн суманд өнөөдөр боллоо.
Энэ удаагийн наадамд Хөвсгөл аймгаас 19 спортын төрөлд 219 сурагч тамирчин, 22 багш дасгалжуулагч нийт 244 хүн оролцохоор шалгарсан байна.
Энэ үеэр Хөвсгөл аймгийн туг болон БТСГ-ын тугийг 2019, 2023 оны Хүүхдийн спортын их наадмын аварга, ДМЦС-ийн сурагч Э.Мөнх-Ундрал болон волейболын шигшээ багийн тамирчдад хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, баг тамирчдад амжилт хүсэв.
Тус үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Баярсайхан, Нийгмийн бодлогын хэлтсийн спорт, залуучууд хариуцсан мэргэжилтэн Б.Очирсүх нар оролцож, баг тамирчдад амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүлж, өнгөрсөн онд амжилт гаргасан тамирчдад мөнгөн урамшууллын батламж гардууллаа.
Мөн аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатарын санаачилгаар 19 сая 950 мянган төгрөгийн үнэ бүхий бэлтгэлийн хувцсыг баг тамирчдад хүндэтгэлтэйгээр гардуулан өгч амжилт хүслээ.