Орос, Украины талууд олзлогсод солилцох томоохон ажиллагааг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-05-24 13:07:09

МОСКВА, 2025 оны тавдугаар сарын 24 /DW/. Украины талтай олзлогдсон цэргүүд солилцох томоохон ажиллагааны хүрээнд Оросын 270 цэргийн алба хаагч, 120 энгийн иргэн эх орондоо эргэн ирсэн тухай тус улсын Батлан хамгаалах яам баасан гаргийн үдээс хойш мэдээлжээ. Уг ажиллагааны үеэр Оросын тал 390 иргэнийг нь сулласныг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн баталсан байна.


ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, олзлогсод солилцох энэ удаагийн ажиллагааг хоёр тал Истанбулд хүрсэн тохиролцооны дагуу явуулжээ. Тавдугаар сарын 16-нд Истанбулд болсон Орос, Украины төлөөлөгчдийн уулзалтаар хоёр талаас тус бүр 1000 хүн солилцохоор тохиролцсон юм. Суллагдсан энгийн иргэдийн дунд Украины цэргүүдэд олзлогдсон Курск мужийн оршин суугчдыг эх оронд нь авчирсан гэж тус яам "Telegram" сувагт мэдээлжээ. Түүнчлэн Украины 270 цэрэг болон 120 энгийн иргэнийг шилжүүлэн өгсөн гэдгийг дурдсан байна.


Олзлогсдыг солилцох томоохон ажиллагааг ойрын өдрүүдэд үргэлжлүүлэхээр төлөвлөж байгааг мөн Оросын Батлан хамгаалах яам дурджээ. "1000:1000" гэсэн харьцаагаар солилцох ажиллагаа гурван өдрийн турш үргэлжилнэ гэж "Дождь" телевиз Украины "Би амьдрахыг хүсэж байна" төслийн эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ