Нетаньяху: ХАМАС-ын толгойлогч Мохаммед Синварыг устгасан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-05-29 12:26:34

ТЕЛЬ-АВИВ, 2025 оны тавдугаар сарын 29 /Kazinform/. Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн толгойлогч Мохаммед Синварыг Израилын цэргүүд устгасан гэж тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хууль тогтоогчдод хандан мэдэгджээ.


Тэрбээр Газын зурвасын эмнэлэгт саяхан өгсөн агаарын цохилтын гол бай нь Синвар байсан тухай Израилын хэвлэлүүд мэдээлсний дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. 


Синвар бол хамгийн удаан хугацаанд эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн нэг байсан бөгөөд Газ дахь ХАМАС бүлэглэлийн цэргийн гол удирдагч юм. 

 

Нетаньяху Израилын парламентад лхагва гарагт үг хэлэхдээ, Синварыг Израилын агаарын цохилтод өртөж амь үрэгдсэн ХАМАС-ын удирдагчдын жагсаалтад оруулсныг дурджээ. Харин ХАМАС бүлэглэл энэ мэдэгдэлд тайлбар хийгээгүй байна.


Тавдугаар сарын 13-нд Хан-Юнис хот дахь эмнэлэг рүү хийсэн агаарын дайралтын гол бай нь Синвар байсан гэж Израилын хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн юм. Харин тухайн үед Израилын арми тайлбар өгөөгүй бөгөөд ХАМАС-ын “удирдлага, командын төв” уг эмнэлгийн доор байрлаж байсан гэж мэдэгдсэн байна. 


Мохаммед Синвар бол ХАМАС-ын толгойлогч асан, 2023 оны аравдугаар сарын 7-нд Израиль руу хийсэн дайралтыг зохион байгуулагч Яхья Синварын дүү бөгөөд Израилын цэргүүд Яхьяг өнгөрсөн онд устгажээ. 




Холбоотой мэдээ