Т.Загдаа: Оньсон түгжээ бол бидний гээж болохгүй монгол ухааны зангилаа юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-02 12:18:25

Булган, 2025 оны зургаадугаар сарын 1  /МОНЦАМЭ/. Гарын, сэтгэлийн, нүдний ур нь тэгширсэн энэ хүнийг Тангадын Загдаа гэх бөгөөд түүний хийсэн бүтээсэн болгон нь нэрийн хуудас нь юм.


Тэрбээр амьдралдаа иж бүрэн тавилгатай зэсэн хөөмлөөр гоёсон сийлбэр бүхий 3 гэр урлажээ. Гэхдээ туслах хүнгүйгээр ганцаараа хийнэ гэдэг нэгэн хүнд ахадсан ажил бөгөөд насныхаа тэн хагасыг энэ 3 гэрт зориулсан даа хэмээн бахархалтайгаар өгүүлсэн юм.


Говь-Алтай аймгийн уугуул, Булган аймгийн суугуул эрхэм ахын урласан бүхнийг шохоорхон харсан хүн өөр хүнд алдахаас өмнө өрсөж авдаг заншил тогтоод удаж байгаа ажээ.


Алд биедээ зав гаргах дургүй авьяасын цуглуулга энэ хүмүүний цагаас хумслан цөөн асуултад хариулт авлаа.     

 


-Монгол дархчуулыг хөөмөл урлаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Таны бүтээлд ч тусгалаа олсон байх юм. Энэ талаар яриагаа эхэлье гэж бодлоо?

-Манай монгол улс бол зэсийн орон Гэвч монголд хуудсан зэс олдоц ховортой. Миний голлон хийдэг хөөмөл урланд хуудсан зэс ордог. Дархчууд багаахан зүйлийг урлахдаа зэсээ лаванд давтаад жигд хуудасласны дараа урлангаа бүтээдэг. Ер нь их ажилтай урлаг л даа. Гэхдээ маш сонирхолтой.

 

Уулын баяжуулах үйлдвэр зэсийг олборлоод том томоор нь гаргаад байгаа боловч түүхий эдийн боловсруулалт хийдэг үйлдвэр байхгүй. Мэгзэджанрайсэг бурхныг хийхийн тулд ОХУ-аас 3 сар хүлээж байж зэс авч байсан гашуун түүхтэй.

Би зэсэн хөөмлийг сийлбэртэй хоршуулан урладаг, энэ нь хаа газар онцгойрох онцлог ч байж мэднэ.

 

-Та хөөмөл урлангаа хэдэн жил хийж байна вэ?

-Алт, мөнгө, зэс болон гуулин хөөмлийг маш эртнээс дархчуул хийж ирсэн байдаг.

Харин би бол зэсэн хөөмлийг модон сийлбэрийнхээ гоёл чимэг, утга бэлгэдэлд тохируулан хослуулж хийдэг онцлогтой.

 

-Таны зэсэн хөөмөл бүхий ямар бүтээлүүд байна вэ?

-Бүтэн сийлбэртэй 3 гэрийн эдлэлийг зэсэн хөөмлөөр гаргасан. Авдар, ор, бурхны гүнгэрваа, номын шүүгээнээс эхлээд монгол нүүдлийн ахуйд тохирох олон эд зүйлийг сийлбэрлэн хөөмөлдөж хүмүүсийн хэрэгцээнд нийлүүлж байна.

 

-Таны оньсон түгжээтэй авдар их алдартай юм билээ тэр тухай яривал?

-Оньсон түгжээ бол бидний гээж болохгүй монгол ухааны зангилаа юм. Би үеийн үед урлах ухаанаасаа нүүдэлчин монгол соёлоо гээхгүй, улам л нарийн нандин төгөлдөржүүлж, өвгөдийн ухааныг үргэлжлүүлэн үлдээхийг хичээж ирсэн.

Тиймдээ ч бүтэн сийлбэртэй авдартаа оньсон цоож хийдэг. Цоож нь энэ шүү, ингэж онгойлно шүү л гэж хэлэхгүй бол хүн хэзээ ч цоожийг нь олж онгойлгож чаддаггүй нүдэнд огт тордоггүй цоож л доо.

 

-Маш сонирхолтой бүтээл юм аа. Нэг авдрыг хэр хугацаанд хийдэг вэ?

-Аажуухан хийвэл 2-3 сард нэг авдрыг хийнэ дээ. Бүх зүйлийг, хээ нэг бүрийг гараар хийдэг. Банзаа зүсэх нимгэлэхэд цахилгаан харуул хөрөө хэрэглэнэ. Бусад гүйцэтгэлийг дан гараар сийлбэрийн хутгаар л хийнэ шүү дээ.

 

-Өөр ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Бүтэн сийлбэртэй 3 иж бүрэн гэр, гэрийн эд зүйлийг сийлбэрлэн зэсэн хөөмөлтэй гаргаж, монголын бүх амьтныг сийлбэрлэж, 400 гаруй морин хуур урлалаа. Нэг сийлбэртэй гэрээ УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэлд өгч байлаа. Одоо морин хуураа хийсээр байна.

 -Та яагаад морин хуур урлах болов, одоо хэд дэх хуураа урлаж байна вэ?

-Хийсэн хуураа тоолж байгаагүй ээ, сүүлийн 20 шахам жил морин хуур урлаж байгаа. Жилдээ хамгийн багадаа 12 хуур урладаг. Одоо нэг хүний захиалгаар 2 хуур урлаад сууж байна даа. Д.Эрдэнэбатыг Засаг дарга байхад манай аймагт морин хуурийн төсөл хэрэгжүүлж, тэнд би 30 мастер хуур хийж өгсөн юм.


Тэгсэн надад та яг энэ мастер хуураа л хийгээд байгаарай, энэ хуур ямар ч айлд очсон тэр айлаас үр хүүхэд хэн нэг тоглодог хүн аваад соёлын ордонд ирдэг юм, тэгээд тайзны хөгжмийн жигдрэлт алдагддаг учир та нэг төрлөөр л хийж байгаарай гэсэн юм.

Түүнээс хойш би элдэв чимэггүй сийлбэргүй мастер хуур л хийх болсон доо.

 

-Таны бүтээх чадвар өвлөгдөж удам дамжиж ирсэн болов уу?  

-Манай дээд үеийнхэн их хөдөлмөрч, уран удамтай хүмүүс байсан юм билээ. Манай ээж л гэхэд ширдэг их сайхан ширнэ, монгол гутал хийнэ. Монгол гутлын хээ нь авдрын таган дээр байдагсан, тэр хээнээсээ үлгэр аваад л зурчихдагсан. Би яахав ээжээсээ ширдэг ширж сурсан, ажил дээрээ нэгийг авчраад тавьчихсан байгаа.

Манай аав зэндмэнь хорол монгол шатар хийдэг байсан. Ген гэдэг зүйл байдаг юм байна лээ би аавыг хийж байхыг нь хараагүй. Гэхдээ аяндаа хийдэг болсон. Бид эхээс 4-үүлээ, одоо эгч бид 2 байна даа.  

  

-Та энэ нутагт хэдэн онд ямар учрал тохиолдлоор ирэв? 

-Би Булган аймагт 25 настай ирсэн, одоо 78 настай. Төрсөн юм шиг дассан энэ нутагтаа хагас зуун жил амьдарч байна даа. Булган сайхан нутаг даа.

 

-Таны ажлын гараа хэрхэн эхлэв?

-Би Булган аймагт ирээд Урчуудын салбарт мужаан хийж байлаа. Хүн хүнээс л юм сурдаг гэдгийг тэнд ажиллаж байхдаа ойлгосон юм. Би тэнд Ц.Ширэндэв  хэмээх  зураачийн зургийн рамыг л хийдэг байсан. Тухайн үед хажуу талд н.Цэвэгсүрэн гуай фото зураг ажиллуулдаг байлаа.


Харин би фото зураг авах, угаахыг  н.Цэвэгсүрэн зурагчнаас, уран зургийг Ц.Ширэвдэвээс сурсан даа.

 

Эхнэр Баасанжавыг санхүүгийн техниккумд явахад дагаж хот ороод Тоног төхөөрөмжийн хангамжийн ерөнхий газар 3 жил зураач хийсэн.

Намайг Германд сургуульд явуулах болоод тэр үед манайх Германтай шифийн гэрээтэй байсан юм. Гэхдээ би яваагүй.

 

-Та Германд яагаад явж сураагүй юм?

-Би хадам ааваас асуудаг юм аа. Ажаа намайг Германд зураачаар сураад ир гэж ажлын газраас хэллээ гэвэл, Өө муу Ажаа нь Толгойтын баруун зүүн салаанд хаана ч ясаа тавьсан яах вэ миний хүү тэг тэг гэж жаахан хань татангуй хэлсэн юм. Улсын заан улаан Шарав хэмээх хүн чинь миний ажаа буюу хадам аав юм шүү дээ.

Би бодож байна аа, манайд бол бөхийн удам байхгүй хадам аав ингэж хэлж байхад би юу гэж орхиод явах вэ, Монгол улсын нэртэй төртэй хүнийг нутагт нь ясыг нь тавиулья даа гэж бодоод больчихсон юм. Түүнээс Германд сурсан бол нүд тайлагдаж, гарын ур, арга туршлага нэмэгдэх л байсан байх. Гэхдээ би харамсдаггүй юм.


-Та хэр олон гарын шавьтай вэ?

-Яг юм хийдэг хүн хэд байгааг сайн мэдэхгүй байна. Г.Энх-Отгон гэдэг хүү миний анхны гарын шавь минь болж байлаа. Бүх багаж хэрэгслээ хийж аваад би одоо энийг хийхгүй, настай болохоороо хийнэ, одоогоор мал эмчлэх анагаах эрдэм сурмаар байна гэсэн. Шавь орохоор хүмүүс ирдэг боловч тууштай суух тал дээр тэвчээр нь дутдаг гэх юм уу даа жаахан юм сурч аваад л явчихдаг юм. Харин ганцаараа хийвэл найдах юмгүй амар юм билээ.

Хоёрдугаар 10 жилийн сургуулийн дунд ангид дүрслэх урлаг техник хөдөлмөрийн хичээл заасан.

Хүүхдүүдэд дархан мужааны уламжлалт аргыг дэлгэрүүлж ойлгуулахын тулд гол шугамаа барьж хичээлээ заадаг байлаа. Гарын дүйтэй авьяастай хүүхдүүд их байдаг юм.


-Одоо цаашдаа ямар бүтээл дээр голлон ажиллах вэ?

-Одоогоор морин хуур урлаж байна. Мөн арслантай сийлбэртэй авдар л голчлон хийж байна даа. Нас ахиад ирэхээр залуу үеэ гүйцэхгүй удаан болжээ. Чанарын хувьд бол хэвээрээ.

 

-Сүүлийн асуултын танд үлдээе?

-Хойч ирээдүй залуу үедээ уламжлалт арга ухааны урлалаа л дээдэлж яваарай гэж захья даа.

Мөн хааяа театрт концерт үзэхэд өөрийн минь хийсэн морин хуур эгшиглэж байхыг харахад түрүүлсэн мориндоо яарах уяач шиг сэтгэл их хөөрдөг юм билээ.


-Баярлалаа танд цаашдын тань урлах эрдэмд улам их амжилт хүсье.

 Морин хуур урлаж байгаа нь 

Бүрэн сийлбэртэй ганцаараа урласан монгол гэр

Нууц оньсоор онгойдог арслан сийлбэртэй авдар

Хаан бугуйвч, хатан сүйхийг зэсээр хөөмөлдсөн монгол орны аравчны хээ

Гэрийн унины толгойн хээ 

 Урлаж буй амьтдын ертөнц

Дөрвөн хүчтэн

Монгол гэрийн хаалганы самбар

Авдрын арслан

Холбоотой мэдээ