Оросын цэргийн нисэх онгоцны буудлууд руу хийсэн дайралтад оролцогчдод талархал илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-02 09:54:55

КИЕВ, 2025 оны зургаадугаар сарын 2 /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ням гаргийн орой мэдэгдэл хийхдээ Оросын цэргийн нисэх онгоцны буудлууд руу дроноор хийсэн өргөн хүрээний довтолгоо буюу “Аалзны тор” ажиллагаанд оролцсон хүмүүст талархал илэрхийлжээ. 


"Аюулгүй байдлын албанынханд талархлаа. Генерал Малюк танд, мөн энэ ажиллагаанд оролцсон бүх хүнд талархал илэрхийлье. Бид энэ ажиллагаанд жил зургаан сарын турш бэлдсэн. Төлөвлөлт, зохион байгуулалт, бүх нарийн зүйлийг төгс бэлтгэсэн. Энэ бол үнэхээр онцгой ажиллагаа байсан гэдгийг итгэлтэйгээр хэлж болно" гэж тэрбээр нийгмийн сүлжээнд бичсэн байна. 


В.Зеленскийн хэлснээр, “Аалзны тор” ажиллагаанд нийт 117 дрон болон тэдгээрийг удирдсан мөн тооны операторууд оролцсон бөгөөд тэдгээр нь Оросын хэд хэдэн бүс нутагт байрлаж, ажиллагааг хэрэгжүүлжээ. “Бид энэ дайн дуусах ёстой гэдгийг Оросын талд ойлгуулахын тулд боломжтой бүхнийг хийж байна” хэмээн тэрбээр онцолсон байна.


Уг ажиллагааны үеэр "Оросын стратегийн далавчит пуужин тээгч нисэх онгоцуудын 34 хувийг устгасан" гэж Украины аюулгүй байдлын алба Telegram сувагт мэдээлсэн байна. Украины талын тооцоолсноор устгасан онгоцнуудын нийт өртөг ойролцоогоор 7 тэрбум ам.доллар ажээ.


Стратегийн А-50, Ту-95, Ту-22м3 зэрэг Оросын 41 онгоц эвдэрсэн гэж Украины аюулгүй байдлын албан дахь эх сурвалжууд өмнө нь мэдээлжээ. Эдгээр онгоцуудыг Украины хотууд руу дайралт хийхэд тогтмол ашиглаж байжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Эрхүү мужийн "Белая", Рязань мужийн "Дягилево", Мурманск мужийн "Оленья", Иваново мужийн "Иваново"  агаарын бааз Украины дроны цохилтод өртсөн байна. 


Дөрвөн бүс нутаг, мөн Амурын муж дахь нисэх буудлууд дроны цохилтод өртсөн гэдгийг ОХУ-ын Батлан хамгаалахын яам баталсан байна. Оросын цэргийнхэн Иваново, Рязань, Амар мужуудад дайралтыг няцаасан гэж мэдэгдсэн бол Мурманск, Эрхүү мужуудад “хэд хэдэн нэгж нисэхийн техник шатсан” гэжээ. 

Холбоотой мэдээ