CBS: Дроноор довтлох Украины талын ажиллагаанд АНУ-аас тагнуулын мэдээлэл өгөөгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-02 11:14:39

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 2 /TASS/. Оросын цэргийн объектууд руу дроноор довтлох ажиллагаанд бэлтгэхтэй холбоотой тагнуулын мэдээллийг АНУ-ын Засаг захиргаа Украины талд өгөөгүй гэж CBS телевизийн Цагаан ордны сурвалжлагч Женнифер Жейкобс өөрийн эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.


“Засгийн газар дахь эх сурвалжуудын мэдээлснээр “Аалзны тор” ажиллагаанд зориулж АНУ-аас Зеленский болон түүний багт тагнуулын мэдээлэл өгөөгүй. Украины тал энэ ажиллагаанд шаардлагатай мэдээллийг өөрсдөө цуглуулсан” гэж тэрбээр Х сүлжээнд бичсэн байна.


Украины тал Оросын цэргийн нисэх онгоцны буудлууд руу дайралт хийхээр бэлтгэж байгаа талаар АНУ-ын засаг захиргаа мэдээлэлгүй байсан гэж тэрбээр өмнө нь мөн өөрийн эх сурвалжуудаас эш татан мэдээлж байжээ. 


CBS-ийн сурвалжлагчийн мэдээлэлд тайлбар өгөх тухай ТАСС агентлагийн хүсэлтэд Цагаан ордны зүгээс одоогоор хариу өгөөгүй байна.


ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр, Украины тал ням гарагт буюу өчигдөр Оросын таван бүс нутаг дахь цэргийн нисэх онгоцны буудлуудад FPV дрон ашиглан хэд хэдэн террорист үйл ажиллагаа явуулсан бөгөөд уг халдлагын үеэр цэргийн алба хаагчид, энгийн иргэдийн амь нас хохироогүй байна.

Холбоотой мэдээ