Парисын гэрээнд 100 орон нэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-11-07 10:28:16

МАРРАКЕЧ. /Xinhua/. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээнд 100 улс албан ёсоор нэгдлээ гэж Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцийн /UNFCCC/ гүйцэтгэх нарийн бичгийн дарга Патрисия Эспиноса мэдэгдэв.

Уг Конвенцийн 22 дахь удаагийн Талуудын бага хурал /COP22/ өнөөдөр Марокко улсын Маракеш хотод болох ажээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Парис хотод болсон Талуудын 21 дүгээр бага хурлын үеэр Парисын гэрээг баталсан бөгөөд энэ оны 10 дугаар сарын байдлаар 96 орон болон ЕХ уг гэрээг соёрхон батлаад байна. Гэрээ энэ сарын 4-нд хүчин төгөлдөр болсон билээ. Гэрээнд 100 орон нэгдсэн бөгөөд энэ сарын 15-нд болох Талуудын 22 дугаар бага хурлын үеэр Парисын гэрээнд нэгдсэн орнуудын анхны уулзалт болно гэж П.Эспиноса мэдэгдсэн байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг санхүүжүүлэх, өөрчлөлтөд дасан зохицох зэрэг асуудлуудыг хэлэлцэх 11 өдрийн бага хурлын үеэр улс орнууд болон иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс бодит амлалт авах нь ихээхэн ач холбогдолтой гэж “COP22” бага хурлын ерөнхийлөгч Салахеддин Мезоуар мэдэгдэв.

Бага хуралд 20 мянга орчим төлөөлөгч, иргэний нийгмийн байгууллагуудын 30 мянга орчим гишүүд, 40 гаруй улсын төрийн тэргүүн, 30 орчим улсын засгийн газрын тэргүүн нар, нийт 50 мянга гаруй хүн оролцох ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ