Клубүүдийн ДАШТ: ПСЖ баг Атлетико-г буулган авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-06-16 14:48:26

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 16 /TASS/. Францын "Пари Сен-Жермен" багийн хөлбөмбөгчид Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хэсгийн шатны эхний тойргийн тоглолтод Испанийн "Атлетико" багийг 4:0-ээр хожжээ. Тоглолт АНУ-ын Калифорни муж улсын Пасадина хотод болсон байна. 


Хожсон багийн гоолыг Фабиан Руис (19 дэх минут), Витинья (45+1), Сенни Меюлю (87), Ли Кан Ин (90+7) нар оруулжээ.  Тоглолтын 78 дахь минутад "Атлетико" багийн франц хамгаалагч Клеман Лангле хоёр дахь удаагаа шар хуудсаар торгуулснаар талбайг орхижээ. 


ПСЖ, “Атлетико” багууд Бразилын “Ботафого”, Америкийн “Сиэтл Саундерс” багуудын хамт B хэсэгт орсон байна. Бразил, Америкийн багууд зургаадугаар сарын 16-нд хоорондоо тоглох бол дараагийн тойрогт ПСЖ зургаадугаар сарын 20-нд “Ботафого”-той, “Атлетико” баг “Сиэтл Саундерс”-тэй өрсөлдөнө. 


АНУ-д болж буй Клубүүдийн ДАШТ-д анх удаа 32 баг оролцож байгаа бөгөөд багууд дөрөв дөрвөөрөө 8 хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Хэсэг тус бүрийн шилдэг хоёр баг 1/8-ийн шигшээ тоглолтод шалгарна. Шигшээ тоглолт долоодугаар сарын 13-нд болно. 


Холбоотой мэдээ